Европын улс орнууд руу нэвтрэх хүсэлтэй 100 гаруй цагаач хэдэн цагийн турш жижиг модон завин дээр чихэлдэж явсан бөгөөд завины доод талд байсан 10 цагаач хүчилтөрөгчийн дутагдлаар нас барсан байжээ.
"Хил хязгааргүй эмч нар" олон улсын тусламжийн байгууллагын алба хаагчид тэднийг Ливийн эрэг орчмоос олсон бөгөөд 100 орчим цагаачийг авран, аюулгүй газарт хүргэсэн байна.
Ослын дуудлага энэхүү аврах ажиллагаанаас хэдэн цагийн өмнө ирсэн хэдий ч Европын эрх баригчид үүнийг үл тоосон гэж "Alarm Phone" сайн дурын тусламжийн шугамын байгууллагаас мэдэгдсэн юм. "Хил хязгааргүй эмч нар"-ын аврах усан онгоц 24 цагийн дотор гурван удаагийн аврах ажиллагаа явуулж, Гвиней, Нигери, Сомали, Сири зэрэг улсаас гаралтай 200 орчим цагаачийг эх газарт авчирсан гэнэ.
Албаны хүмүүсийн тооцоолсноор, энэ он гарсаар Газар дундын тэнгисийг гатлах гэж оролдсон 1,200 гаруй цагаач амиа алдсан бөгөөд 2014 оноос хойш бараг 23 мянган цагаач амиа алдсан байна.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.