Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр буюу Нисэх, Яармагийн авто зам нь явган зорчигчид зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй байршил.
Вива сити хорооллоос Нисэхийн аюулгүйн тойрог хүртэл 7 км үргэлжлэх уг зам дагуу ерөнхий боловсролын зургаан сургууль байрладаг. Хичээл эхлэх, тарах цагаар сургуулийн ойролцоох гарцаар зам хөндлөн гарах хөдөлгөөн эрс нэмэгддэг бол амралтын өдрүүдээр Хүннү молл худалдааны төв орчмын явган хүний гарцаар гарах иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг байна.
Тус замд зам тээврийн осол ихээр бүртгэгддэг тул Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр Хүннү Молл худалдааны төвийн баруун урд талд явган хүний нүхэн гарц барихаар болжээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Туулын гүүр далай” ХХК ажиллах бөгөөд 2022 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Вива сити хорооллоос Нисэхийн аюулгүйн тойрог хүртэл 7 км үргэлжлэх уг зам дагуу явган хүний 5 гарц байдаг. Энэ асуудлаарх иргэдийн гомдол Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газарт ихээр ирдэг тул дүүргийн төсвийн хөрөнгөөр Нисэх, Яармагийн замд “Нүхэн гарц” барих шийдэлд хүрчээ. Нүхэн гарц барих ажил тун удахгүй эхлэх бөгөөд зураг төслийн ажил үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.