Энэтхэгийн хойд хэсгийн бүс нутаг хорт утааны зузаан давхаргад бүрхэгдсэн хэвээр байгаа тул тус улсын эрх баригчид Шинэ Дели хотод хөл хорио тогтоох шаардлагатай эсэхийг хэлэлцэж байна. Тус улсын хамгийн том хот болох нийслэл Шинэ Делигийн агаарын чанар энэ долоо хоногт "аюултай" түвшинд хүрээд байгаа юм.
Жил бүрийн намрын сүүлээс өвөл хүртэл Энэтхэгийн хойд хэсэгт агаарын чанар муудаж, аюултай түвшинд хүрдэг бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, түлшний хэрэглээ болон эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалдаг аж.
Агаарын бохирдлын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын Дээд шүүхээс Нийслэл бүсийн автозамын хөдөлгөөнийг хааж, аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихыг тушаасан тул олон арван сая хүн гэрээсээ ажиллажээ. Түүнчлэн Шинэ Дели хотын сургуулиуд өнгөрөгч даваа гаргаас хаагдан, зайн сургалтад шилжсэн юм. Ингэснээр, тус бүс нутгийн 20 сая гаруй сурагчийг хорт агаараар амьсгалах эрсдэлээс хамгаалсан байна.
Үүнээс гадна, Шинэ Дели хотын захиргааны ажилтнууд энэ долоо хоногт гэрээсээ ажиллана гэж Нийслэл бүсийн Ерөнхий сайд Арвинд Кежривал мэдэгджээ.
2020 оны эхээр коронавирусийн цар тахал дэгдэх үед Энэтхэг улс даяар хатуу хөл хорио тогтоосны дараа агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан байна. Үүний үр дүнд тэнгэр цэлмэж, энэтхэгчүүд сүүлийн 30 жилд үзэгдээгүй үзэсгэлэнт дүр зургийг харж чадсан гэнэ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.