АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өчигдөр буюу даваа гарагт цахим уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтаар олон талын асуудлыг хөндөж ярилцсаны дотор хамгийн чухал сэдэв яах аргагүй Тайваний асуудалд илэрхийлэх хоёр талын байр суурь байлаа.
Цахим уулзалтын эхэнд хоёр удирдагч халуун дулаан уур амьсгалтайгаар мэндчилжээ. Хятадын дарга ноён Байденд хандан “хуучны андаа харах сайхан байна” гэжээ. Хариуд нь Байден “Магадгүй би илүү албархаг хандаж байгаа байх. Та бид хоёр урьд өмнө албан ёсны түвшинд харилцаж байгаагүй” хэмээн хэлж “нэгэнтэйгээ үргэлж шулуун шударга, ний нуугүй харилцаж ирсэн туршлагатай” хэмээн яриагаа үргэлжлүүлсэн байна.
Си Зиньпин “дэлхий гэдэг нэг ертөнцөд хүн төрөлхтөн амьдарч байна. Бид хамтдаа олон сорилттой тулгарч байна. Хятад, Америк улсууд харилцаа холбоо хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Би тантай хамтарч ажиллахад бэлэн байна эрхэм Ерөнхийлөгчөө” хэмээжээ.
Байден худалдаа, эдийн засгийг шударга зарчмаар явуулахыг сануулсан бөгөөд үүний хариуд Си Зиньпин Хятадын компаниудыг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мэтээр буруушаан дайралт хийхгүй байхыг уриалжээ. Америкийн төрийн тэргүүн таамаглаж байсанчлан Шинжаан, Түвд, Хонконгийн асуудалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн байна. Үргэлжлүүлэн тэдний яриа Энэтхэг-Номхон далайн бүс, цаг уурын хямралд хоёр гүрний гүйцэтгэх үүргийн талаар санал солилцжээ.
Харин Тайваний асуудалд талууд хурцадмал байр сууринаас хандсан гэж ажиглагчид дүгнэсэн байна. Си АНУ Тайваний тусгаар тогтнолыг дэмжиж байгаа нь галаар наадсан үйлдэл бөгөөд галаар тоглосон хэн ч түлэгддэг болохыг анхааруулжээ. Байдены хувьд Америк “нэг Хятад” бодлогыг хүндэтгэсэн хэвээр бөгөөд гагцхүү Тайваний “статус куо”, энх тайван, тогтвортой байдлыг өөрчлөх гэсэн өрөөсгөл үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа гэлээ.
АНУ Тайваний арлаас илүү Хятадтай албан ёсны харилцаагаа чухалчилж ирсэн юм. Хятадын хувьд Тайванийг өөрийн нэг муж бөгөөд цаг нь ирэхээр эх газарт эргэн нэгтгэнэ гэж хардаг. Хэрэв Тайвань руу зэвсэглэн халдах аваас Америк хамгаална гэдгээ илэрхийлсээр ирсэн юм.
Энэ удаад Жо Байден Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш анх удаа Хятадын даргатай цахим уулзалт хийсэн. Коронавируст цар тахлын улмаас Си Зиньпин хоёр жилийн турш бууриа сахин гадаад улс оронд айлчлаагүй юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.