Украйнд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд мянган гривн буюу ойролцоогоор 38 ам.доллар олгоно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрөгч даваа гарагт мэдэгджээ.
Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд, цар тахлын хязгаарлалтын улмаас хүнд байдалд орсон үзвэр үйлчилгээ, спорт, тээврийн салбарыг дэмжих аж.
Зеленский энэ талаар "Хоёр тун вакцин тариулсан хүн бүр тусгай аппликейшнээр дамжуулан мянган гривн хүлээж авах бөгөөд энэ мөнгөөр биеийн тамирын заалны гишүүнчлэлтэй болж, кино театр, жүжиг, музей, тоглолт, үзэсгэлэнгээр зочлон, Украйныг тойрон аялах тасалбар худалдаж авах боломжтой" хэмээн мэдэгджээ.
Цар тахлын эсрэг дархлаажуулалтыг дэмжих тус арга хэмжээ нь ирэх сарын 19-нөөс эхлэх бөгөөд энэ оны эцэс ба 2022 оны эхэн үе хүртэл зургаан тэрбум гривн зарцуулах аж. Түүнчлэн ухаалаг утас хэрэглэдэггүй хүмүүст мөнгөн урамшууллыг олгох өөр сонголтуудыг бий болгоно гэжээ.
Үүний зэрэгцээ, Украйн улсын өнцөг булан бүрийн иргэд Киевт цуглан, вакцинжуулалтын эсрэг хөдөлгөөн зохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж: Известия
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.