Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас Ази болон Европын орнуудад шувууны ханиад хурдацтай тархаж байгааг сэрэмжлүүлсэн байна. Шувууны ханиад тархсан тул амьтдыг устгах, фермийн үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг аваад эхэлжээ.
Өнгөрсөн жил шувууны ханиаднаас болж олон арван сая жигүүртэн амьтдыг устгасан бөгөөд шувууны аж үйлдвэр эрхлэгчдийн өмнө дахин нэг томоохон сорил тулгарч байна. Түүнчлэн уг вирус хүнд халдварлаж болзошгүй нь хамгийн их түгшээж байгаа юм.
Өнгөрсөн жилийн хугацаанд Хятадад шувууны ханиадны H5N6 вирусээр 21 хүн халдварласан тохиолдол бүртгэгджээ.
Энэ даваа гарагт БНСУ-д ханиадны вирусээр Чунчонбук-до дахь фермийн 770,000 шувуу халдварласан бөгөөд бүгдийг нь устгасан байна. Мөн Япон улсад шувууны ханиадны халдвар зүүн хойд нутгийн шувууны фермэд илэрчээ. Уг вирусийг H5N8 болохыг тогтоосон байна.
Түүнчлэн Норвеги улсад H5N1 шувууны ханиад Рогаланд мужид тархаж, 7,000 шувуу өвчилжээ. Бельги улсад шувууны ханиад тархах эрсдэл нэмэгдсэн тул шувууны аж ахуй эрхлэгчдийг хаалгаа барьж сэрэмжлэхийг уриалсан байна. Антверпийн ойролцоо зэрлэг галуунаас шувууны ханиад илэрчээ. Нидерланд, Франц улсуудад ч мөн халдвар бүртгэгдсэн байна.
Өвчилсөн шувуунд хүрэх, хүнсэнд бэлдэх үед хүнд халдварлах эрсдэлтэй болохыг Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.