Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон 30 хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан С.Чинбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд тэргүүтэй хүмүүсийг буруутгасан. Шүүх хурал эхлэхийн өмнө дээрх 30 хүний зарим нь, мөн тэдний өмгөөлөгч нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ хэлэлцүүлэхгүй хэмээн татгалзсан.
Гэвч тус шүүхийн нийт шүүгч зөвлөлдөөд тэдний татгалзал үндэслэлгүй хэмээн хурлыг үргэлжлүүлэн шүүгдэгчдийн биеийн байцаалттай танилцаж, яллах дүгнэлтийг нь уншиж сонсгосон юм. Эл шүүх хурал нэлээд олон хоног үргэлжлэх бололтой. Шүүхийн шийдвэрийн талаар тухай үед нь бид мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.