Египетийн өмнөд хэсэгт болсон хүчтэй шуурганы улмаас Асван хотын гудамжнууд хилэнц хорхойнуудаар дүүрсэн бөгөөд гурван хүн хорхойд хатгуулж нас баржээ. Түүнчлэн 450 орчим хүн эдгээр хорхойд хатгуулсны улмаас шархадсан гэж орон нутгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.
Нил мөрний ойролцоох бүсэд өнгөрөгч баасан гарагт аянга цахилгаантай бороо, мөндөр орсон бөгөөд хүчтэй борооноор могой болон хилэнцэт хорхойнууд гудамжинд угаагдах нь элбэг тохиолддог аж. Египет нь дэлхийн хамгийн аюултай хилэнцэт хорхойн өлгий нутаг бөгөөд зарим хорхойн хор хүнийг нэг цагийн дотор үхэлд хүргэдэг байна.
Энэ нөхцөл байдлын улмаас орон нутгийн албаныхан уул, элсэн цөлийн ойролцоох тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хорны ерөндгийн нэмэлт тунгуудыг тараажээ. Мөн коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг гүйцэтгэж байсан эмч нарыг түр чөлөөлөн, хилэнцэт хорхойд хатгуулсан хүмүүсийг эмчлэх ажилд дайчилсан аж. Түүнчлэн иргэдийг гэртээ байж, модтой газраас хол байхыг уриалжээ.
Хилэнц хорхойнд хатгуулсны дараах шинж тэмдгүүд нь амьсгалахад хүндрэлтэй болох, булчин татах болон толгойн хэвийн бус хөдөлгөөн зэрэг юм. Хорны ерөндгийг шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг боловч шинж тэмдэг хүндэрсэн үед ч үр дүнтэй байдаг аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.