ОХУ-ын "Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэр" буюу "НЛМК" ган үйлдвэрлэгч компанийн нүүрсний агуулахад дэлбэрэлт болж, улмаар гал гаран, дээвэр нь хэсэгчлэн гэмтсэн гэж орон нутгийн Онцгой байдлын албанаас мэдээлжээ.
Липецк хотод байрлах энэхүү үйлдвэрийн байр одоо утаагаар дүүрсэн бөгөөд дэлбэрэлтийн нуранги дор хоёр хүн дарагдсан байж болзошгүй аж. Тэгвэл Оросын Онцгой байдлын яамны бүс нутгийн хэлтсээс энэхүү мэдээллийг баталгаажуулаад байгаа хэдий ч нуранги дор яг хэдэн хүн байгааг тодруулаагүй юм.
Ослын газарт байсан гэрчийн хэлснээр, дэлбэрэлтийн улмаас нэг эмэгтэй шархадсан бөгөөд албаныхан түүнийг аюулгүй газарт хүргэн, тусламж үзүүлж байгаа аж.
Урьдчилсан мэдээллээр, уг дэлбэрэлт технологийн үйл ажиллагааны журмыг зөрчсөнөөс болсон байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн энэхүү осол үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэж мэдэгджээ.
Гэвч энэ нь "Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэр"-т гарсан анхны ийм төрлийн осол биш юм. Тодруулбал, өнгөрөгч 8 дугаар сарын 9-нд тус үйлдвэрийн хүчилтөрөгч түгээх цехэд хэд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд улмаар 40 кв.метр талбайг эзэлсэн гал дэгдсэн билээ.
"НЛМК" нь ОХУ-ын хамгийн том төмөрлөгийн компаниудын нэг бөгөөд тус улсаас гадна АНУ болон Европын орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тус компани нь 2018 онд Оросын тэргүүний ган үйлдвэрлэгчээр тодорч байжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.