Ливийн удирдагч агсан Муаммар аль Каддафийн хүү ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр бүртгүүлжээ. Сайф аль Ислам Каддафи нь эцгийнхээ залгамжлагч бөгөөд хайртай хөвгүүн нь байсан юм.
Ливи улсад 2011 онд үймээн самуун гарснаас хойш 10 жилийн хугацаанд эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа тул ирэх 12 дугаар сарын 24-ний өдөр болох сонгууль шударга бус болж магадгүй хэмээн хүний эрхийн байгууллагууд сэрэмжлүүлж байна.
Дэлхийн удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуульд саад учруулсан болон будлиантуулсан этгээдүүдэд хориг арга хэмжээ авахаар анхааруулжээ.
Сайф аль Исла Каддафи нэр дэвшиж буйгаа зарласан бичлэгтээ Ливийн үндэсний хувцас өмсөж, Коран судраас иш татан “бидний болоод, ард түмний хоорондын явдлыг үнэнээр шүүгтүн” хэмээн ярьжээ. Эцэг нь харамсалтайгаар амиа алдсаны дараа түүнийг цэргийнхэн барьж, зургаан жилийн турш хорьж, цаазын ял оноогоод байсан ч эргэн суллагдсан. Түүнийг Олон улсын гэмт хэргийн шүүхээс дайны үеийн гэмт хэрэгт яллахаар эрэн сурвалжилж байгаа ч эцэст нь олон нийтийн өмнө ийнхүү гарч иржээ.
Ажиглагчдын зүгээс Каддафийн хүү сонгуульд ялах магадлал тун бага гэж харж байна. Ливи улсад баруун болон зүүний хүчнүүд эрх мэдлээ булаалдсаар эцэст нь түр Засгийн газар төрийн эрхийг удирдаж байгаа ч улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсээр байна.
Ирэх сард болох сонгуульд НҮБ-ын дэмжлэгтэй Засгийн газрын эсрэг тэмцэж байсан дайны удирдагч Халифа Хафтар, өнөөгийн Ерөнхий сайд Абдулхамид аль Дбейбах, Парламентын дарга Агуила Салех нар нэр дэвшихээ мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.