Эквадорын Литорал хорих газарт мөргөлдөөн үүсэж, багадаа 68 хоригдол амиа алдсаны дараа тус улсын Ерөнхийлөгч Гиллермо Лассо "яаралтай зөвлөл" байгуулжээ.
Мөргөлдөөн тус улсын хамгийн томд тооцогддог далайн эргийн Гуаякил хотын шоронд өнгөрөгч бямба гарагт болсон бөгөөд багадаа 68 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн юм. Сүүлийн үед энэхүү хот нь хэд хэдэн хүчирхийллийн голомт болжээ.
Албаныхан одоогийн байдлаар 34 хүний цогцсыг тодорхойлоод байгаа бөгөөд амиа алдсан хохирогчдын гэр бүлд нь мэдээлж байгаа аж.
Ерөнхийлөгч Лассо мөн нийгмийн салбарын албан тушаалтнуудад хандан "Хорих газар дахь яриа хэлэлцээг зохион байгуулж, харгис хэрцгий байдлыг зогсоохыг" уриалсан байна.
Мөргөлдөөн эхлэх үеэр хорих газар дотор буун дуу сонсогдсон бөгөөд цагдаа нар аюулгүй байдлын протоколыг хэрэгжүүлж, яаралтай арга хэмжээ авчээ. Орон нутгийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, Литоралаас нэгэн гэмт хэргийн бүлэглэлийн удирдагч суллагдсаны дараа тус хорих газарт эрх мэдлийн хүчнүүд солигдож, улмаар хүчирхийлэл нэмэгдэх болсон аж.
Эквадор улсын шоронгийн системийн нийт багтаамж 30 хувиар хэтрээд байгаа болохыг Ерөнхийлөгч Гиллермо Лассо өнгөрсөн 7 дугаар сард мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.