Английн Ливерпүүл хотын эмэгтэйчүүдийн эмнэлгийн гадаа машин дэлбэлснээс болж нэг эрэгтэй амь насаа алджээ. Уг хэрэгт холбоотойгоор баривчлан саатуулсан гурван эрэгтэйг террорист гэмт хэрэг үйлдсэн тул Терроризмын эсрэг хуулиар ял шийтгэхээр болсон байна.
Эмнэлгийн гадаа таксинд байсан нэг зорчигч нас барсан бөгөөд нэр хаягийг нь албан ёсоор мэдээлээгүй байна. Харин дэлбэрсэн таксины жолооч шархдан эмнэлэгт хүргэгджээ.
Норт Уэстийн терроризмтой тэмцэх газрын мөрдөгчид Ливерпүүл хотын Кенсингтон дүүргийн Сатклиф гудамжнаас машин дэлбэлсэн гэж үзэж буй 21-29 насны гурван эрэгтэйг баривчилсан гэжээ. Уг хэрэгт тагнуулын MI5 байгууллага хамтарч ажиллаж байна.
Эмнэлгийн дэргэд машин дэлбэрч, шатсанаас болж төв хаалгаар өвчтөнүүдийг орж, гарахыг хориглож, арын хаалга ашиглажээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Ливерпүүл хотод гарсан аймшигтай хэрэгт түргэн шуурхай ажилласан онцгой байдлынхан, мэргэжилтнүүд, цагдаагийн алба хаагчдад талархмаар байна” хэмээн жиргэжээ.
Машин дэлбэрсэн тухай дуудлага орон нутгийн цагаар ням гарагийн үдээс өмнө 10:59 цагт цагдаагийн газарт ирсэн байна. Үүнээс хойш хэдхэн минутын дараа гал унтраах, аврах албаныхан ирэхэд машин бараг бүхэлдээ шатсан байжээ.
Ливерпүүл эмэгтэйчүүдийн эмнэлэг нь жилдээ 50,000 орчим өвчтөн хүлээж авдаг, Европ тивд томоохонд тооцогддог ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Афганистанаас дүрвэгсэд оруулья гээд байдаг нөхдүүд энийг сайн унш