УОК-ын Шуурхай штаб гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг даган мөрдөхийг зөвлөж байна.
Хэрвээ та гадаадын аль нэг улс орноос Монгол Улсад ирэх гэж байгаа бол хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн, шинжилгээний “сөрөг” хариутай байна. Өвдөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ.
Түүнчлэн КОВИД-19 вакцины бүрэн тунг тариулснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй.
Харин КОВИД-19 вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй, вакцинд хамрагдаж вакцины дараах 14 хоног өнгөрсөн ч гэр бүлийн болон асран халамжинд байгаа 0-18 насны вакцин хийлгээгүй хүүхэдтэй хамт ирсэн хүн долоо хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай.
Эдгээр тохиолдолд ирсэн даруйд оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орно. Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, КОВИД-19-ын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хөл хориог дуусгаж хэвийн амьдралын горимд шилжинэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.