АНУ-ын олимпын тамирчин Суниса Ли арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан халдлагад өртсөн талаараа ярьжээ. 18 настай Ли нь өнгөрсөн зуны "Токио-2020" олимпын наадмын спортын гимнастикийн төрөлд алтан медаль хүртэж, АНУ-ын Хмонг гаралтай анхны олимпын тамирчин болсон билээ.
Түүний хэлснээр, тэрээр хэдэн долоо хоногийн өмнө Лос Анжелес хотын гудамжинд найзуудынхаа хамт дуудлагын такси хүлээж байсан бөгөөд энэ үеэр нэгэн машин тэдний ойролцоо зогссон байна. Ингээд тус машинд байсан хэсэг хүн тэднийг үг хэлээр доромжлон, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгс хэлэн, "Ирсэн газар руугаа буц" гэж хашхирчээ. Дараа нь, тэдний нэг нь Суниса Лигийн гар руу нулимс асгаруулагч шингэн цацаад, жолооч нь хурдтай хөдлөн зугтсан байна. Энэ хэргийн үеэр Литэй хамт байсан бүх найз нь Ази гаралтай байсан аж.
Суниса Ли энэ явдлын талаар "Би маш их уурласан. Гэхдээ тэд дорхноо зугтсан тул би юу ч хийж чадаагүй. Үнэндээ би тэдний эсрэг юу ч хийгээгүй. Олимпын тамирчны хувьд асуудал үүсгэх зүйл хийхийг хүсээгүй тул үнэхээр хэцүү байсан. Би зүгээр л ийм зүйл болохыг зөвшөөрчихсөн" хэмээн ярьжээ.
Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д Ази гаралтай хүмүүсийн эсрэг халдлага нэмэгдэх болсон билээ. Өнгөрөгч 4 дүгээр сард АНУ-ын каратэгийн олимпын аварга Сакура Кокумай Калифорни дахь цэцэрлэгт хүрээлэнд бэлтгэл хийж байхдаа мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан халдлагад өртсөн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.