Мьянмар улсын шүүх АНУ-ын сэтгүүлч Дэнни Фенстерт цагаачлалын хууль зөрчсөн, хууль бус нийгэмлэг байгуулсан, цэргийн эрх мэдэлтнүүдийн эсрэг турхирсан хэргээр 11 жилийн хорих ял оноосон байна.
Түүнийг бослого, үймээн самуун гаргасан болон терроризмын гэмт хэрэгт буруутгаж ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноох гэж байсан боловч энэ долоо хоногт эхэнд хэрэгсэхгүй болгосон юм.
Энэ жил 37 настай Фенстер нь Мьянмарын хил цахим хуудасны эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд өнөгөрөгч тавдугаар сард Янгоны олон улсын нисэх буудлаас баригдсан. Мьянмар улсад цэрэг армийнхан хоёрдугаар сард төрийн эргэлт хийснээс хойш олон арван сэтгүүлчийг баривчлан саатуулсны нэг нь Фенстер юм.
Мьянмарын хил мэдээллийн сайтад ажиллахаасаа өмнө тэрээр Өнөөгийн Мьянмар бие даасан мэдээллийн сайтад ажилладаг байжээ. Түүнд 11 жилийн хорих ял оноосон хэргүүд нь Өнөөгийн Мьянмар сайтад ажиллаж байх хугацаандаа хийсэн үйлдлүүдтэй холбоотой гэж Мьянмарын хил сайтад мэдээлсэн байна. Өнөөгийн Мьянмар мэдээллийн сайтын үйл ажиллагааг хориглосон байгаа ажээ.
Дэнни уг сайтаас 2020 оны долдугаар сард гарч дараа сард нь Мьянмарын хилд ажиллах болсон байна. Түүний өмнө хийж байсан ажилтай холбогдуулан ял тулгах ямар ч үндэслэл байхгүй гэж Мьянмарын хил сайтад мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.