Хонконгийн жагсаалуудад АНУ-ын Марвелын баатар “Ахмад Америк”-ийн бамбайг барин жагссанаар олонд танигдсан жагсагч Ма Чун Мэнд зургаан жилийн хорих ял оноожээ. Түүнийг үндэсний аюулгүй байдлын шинэ хуулиар шийтгэж, ял оноосон байна.
Ма Чун Мэн “Ахмад Америк”-ийн бамбайг барин жагссанаар “Ахмад Америк 2.0” хочтой болсон юм. Тэрээр БНХАУ-аас Хонконгийг тусгаар тогтнолоо зарлахыг уриалан дуудсан хэрэгт гэм буруутайд тооцогджээ.
2020 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын хуулиар хорих ял оноосон хоёр дахь жагсагч Ма болж байна. Уг хууль батлагдсанаар Хонконгийн бүрэн эрхт тусгаар байдлаа тогтоох эрмэлзлийг бууруулж, тэмцэгчдийг шийтгэхэд илүү хялбар болсон гэж ажиглагчид дүгнэдэг.
Хонконгийн шүүхийн баримтад бичсэнээр Ма нь хийсэн хэрэгтээ ямар нэг гэмших сэдэлгүй байсан тул таван жил, есөн сарын хорих ял оноов хэмээн дурджээ. Мөн ял шийтгэхээс өмнө Ма “би харамсахгүй байна” хэмээн хэлсэн байна. Магийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хандах эсэх нь тодорхойгүй байна гэжээ.
Хятадын тусгай бүс Хонконгт 2019 онд гудамжны жагсаал тэмцэл дээд цэгтээ хүрч, улмаар эх газрын эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын хуулийг санаачлан баталж, ийнхүү хэрэгжүүлээд байгаа юм. Хуулийн хүрээнд энэ жил 117 хүнийг баривчлан саатуулж, ардчиллын төлөө дуу хоолойгоо хүргэдэг улс төрчид, тэмцэгчид, сэтгүүлчид, оюутнуудад гэм буруу тооцжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.