Дэлхий даяарх газрын тосны үнийн өсөлтийн улмаас БНСУ-ын хэрэглээний инфляц өсөж, иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа тул тус улсын эрх баригчид шатахууны албан татварыг түр бууруулжээ.
Тодруулбал, бензин, дизель түлш болон шингэрүүлсэн шатдаг хийн татварыг 20 хувиар бууруулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь ирэх оны 4 дүгээр сарыг дуустал зургаан сарын хугацаанд хүчинтэй байх юм. Шинэ журмын дагуу, бензиний татвар литр тутамд 820 вон байсныг 656 вон болгосон бол дизелийн татвар 582 вон байсныг 466 вон болгож бууруулсан байна. Тус улсын дотоодын шатахууны үнийн 40 орчим хувийг татвар бүрдүүлдэг аж.
Олон улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж байгаа энэ үед газрын тосны үнэ сүүлийн гурван жилийн хугацаан дах дээд хэмжээндээ хүрсэн тул Өмнөд Солонгосын Засгийн газар болон эрх баригч нам шатахууны албан татварыг бууруулахаар өнгөрсөн сарын сүүлээр тохиролцсон билээ.
Азийн дөрөв дэх том эдийн засаг болох тус улсын эрчим хүчний бараг бүх хэрэгцээ нь импортоос хамаардаг юм.
БНСУ-д газар тариалан, газрын тосны бүтээгдэхүүний үнэ өндөр байгаагаас үүдэн өнгөрөгч 9 дүгээр сард өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2.5 хувиар өсжээ. Шатахууны албан татварыг бууруулснаар зургаан сарын хугацаанд тус улсын Засгийн газрын татварын орлого 2.5 их наяд воноор буурч, улмаар хэрэглээний инфляцыг 0.33 нэгж хувиар бууруулна гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.