Тамирчдын амжилтын үнэлэмжийг үлэмж нэмэгдүүлсэн AIBA буюу Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв Монгол Улсад айлчилж байна.
Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар AIBA буюу Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв манай улсад 2 өдрийн хугацаатай айлчилж байна. Тэрээр өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчид, хүүхдүүдтэй "Ган зам" спортын төв дээр бэлтгэл хийж, Буян-Ухаа спорт ордон болон Steppe areana мөсөн өргөөний үйл ажиллагаатай танилцах юм. Мөн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, биеийн тамир спорт хорооны удирдлагуудтай уулзана.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүдтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Серби улсын нийслэл Бельград хотод болсон боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр олон уулзалтууд хийсний эхлэл нь энэхүү айлчлал болж байна.
Олон Улсын Боксын Холбооны Ерөнхийлөгч Умар Кремлёв нь 2020 оны 12 дугаар сарын 12-нд болсон хурлаар олонхийн санал авч, АЙБА-гийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж, энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөр шагналын сантай зохион байгуулсан байна. Жин тус бүрт түрүүлсэн тамирчдад 100 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 50 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчдад 25 мянган ам.долларын шагнал олгосон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.