Олон сая төгрөгийн санхүүжилттэй тендерт шалгарахын тулд албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдсон “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир, “Дорнод баялаг” ХХК-ийн захирал М.Бат-Эрдэнэ, “Юнимат” компанийн захирал Ч.Түвшинжаргал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, тус ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Ариунболор нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн лхагва гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нар дээрх ТӨХК-иас зарласан дулааны шугам, хоолой солих 300-400 гаруй сая төгрөгийн өртөгтэй тендерт шалгарахын тулд Д.Бямба-Очирт 10-14.8 сая төгрөг хахууль болгож өгсөн хэрэгт холбогдсон юм. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ”-гийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Ариунболорыг “Юнимат” ХК-ийн захирал Ч.Түвшинжаргалаас 6.4 саяын хахууль авсан, найз М.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Дорнод баялаг”, “Хэрлэн тэнцэл”, “Оточ ноёдууд” ХХК-нд давуу байдал олгож шалгаруулан 12 сая төгрөгийн “шагнал” хүртсэн хэрэгт буруутгасан. Түүнчлэн албан тушаалаа ашиглан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очироор өөртөө ашигтай шийдвэр гаргуулж, 49.8 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авч, “Туул ривер” хотхон дахь байрныхаа зээлийг төлсөн үйлдэлд ч Б.Ариунболорыг буруутгасан байдаг. Энэ зургаан хүний холбогдсон хэргийн талаар бид өнгөрсөн сарын 27-нд “Одкон холдинг”, ӨЭЭЭ компанийн удирдлагын холбогдсон хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх бол” гэсэн нийтлэлээрээ дэлгэрэнгүй хүргэж байсан билээ.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир, “Дорнод баялаг” ХХК-ийн захирал М.Бат-Эрдэнэ, “Юнимат” компанийн захирал Ч.Түвшинжаргал нарыг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэм буруутайд тооцоод нийтийн албанд ажиллах эрхийг нь тус бүр хоёр жилээр хассан байна. Улмаар М.Бат-Эрдэнийг 14, Б.Эрдэнэ-Очирыг 13, Л.Мөнхбат, Ч.Түвшинжаргал нарыг тус бүр 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очирын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 15 сая, хахууль авсан хэрэгт нь 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жил хассан байна. Шүүгдэгч Б.Ариунболорын албан тушаалаа урвуулсан үйлдэлд 15, хахууль авсан хэрэгт нь 20 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь мөн дөрвөн жил хасах болж, хахуульд авсан мөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэв. Дээрх хүмүүс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д учруулсан 49.8 сая гаруй төгрөгөө шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дарга болчуул авлига аваад л азаа үздэг газарш дээ. Баригдвал торгууна. Баригдахгүй бол баяжина.
Энэ арай биш шийдвэр бн ягд ял оноож болохгүй бгаам бэ энгийн иргэд хулгай хийж олон жилийн ял авдаг .Төрийн албаны ажилтан дарга нар бүхэл бүтэн олон саяын хахууль аваад 2 жил төрийн албанд ажиллах эрхийн хасаад давараагаад бж болохгүй шдээ шүүхийн байгуулга ажилаа муу хж бн