“Дээдсийн үсчин” хэмээн олноо өргөмжлөгдсөн мастер үсчин Д.Одонгоог бүх салбарын хүмүүс андахгүй. Тэрбээр өөрийн “Видал” салоныг 1998 онд үүсгэн байгуулж, тухайн үедээ үс засалт, имиж бүрдүүлэлтийн ертөнцийг шинэ шатанд гаргасан. Түүний байгуулсан салоны 20 жилийн ойн баяр мөдхөн болно. Монголын рок, поп, соёл урлагийн бүхэл бүтэн нэг үеийн өнгө төрхийг тодорхойлогч бүсгүй салоныхоо ойг тохиолдуулан 12 сарын 14-нд “Улаанбаатар палас”-д болох Монголын рок попын дуучдын тоглолтоор Монголын тэргүүлэх зэргийн мастер үсчдийн давтагдашгүй үзүүлбэрийг тайзнаа харуулах гэнэ.
2013 онд Vidal” салоныхон “Масс” клубт 15 жилийн ойгоо үзэгчидтэй тэмдэглэн, үсний шоугаараа тэсрэлт хийж байлаа. Таван жилд уламжлал болгон нэг удаа шоу хийдэг түүгээр ахлуулсан чадварлаг үсчид зөвхөн Европын загварын шоунаас тольддог үсний дэгжин, чамин загваруудыг Монголдоо харуулсан.
Тэгвэл түүний салоны 20 жилийн ойд зориулан шавь нарынх нь үүсгэн байгуулсан 25 салон 12 сарын 10-ны 11.00-14.00 цагт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. Д.Одонгоо анх “Видал” салоноо хоёр үсчин, нэг гоо сайханч,хоёр маникюрчинтэй нээж байсан бол өдгөө 14 үсчинтэй “ОДОНГОО САЛОН” болж өргөжжээ.
Тэрбээр ажлынхаа хажуугаар Урлах эрдэм дээд сургууль, Монголын тахир дутуу иргэдийн хөдөлмөр сургалтын төвд багшаар ажиллаж, 2017 оноос эхлэн ажлын байран дээрээ гоёлын үс засалт, үс тайралт зэрэг онол, дадлага хосолсон төрөлжсөн сургалтыг зохион байгуулдаг. Түүний шавь нараас мастер үсчин Н.Алтаншагай, С.Мөнхнасан, Г.Ганцоож, Д.Наранхүү нар Ази, Европ тивийн аварга болж, мөн Ази, Номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аваргын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв. 2016 онд БНСУ-д болсон үсчин, гоо сайханчдын ДАШТ-ээс Монгол Улсын таван үсчин медаль хүртсэний дөрөв нь “Дээдсийн үсчин”-гийн шавь байв. Монголын оддыг гоёж, үс, гоо заслын салбарт мэргэжил нэгтнүүдээ тэргүүлж яваа Д.Одонгоогийн үүсгэн байгуулсан салоны 20 жилийн ойн баяр рок попын оддын цугларалттай нижгэр тэсрэлт болох нь.