Бразилын Бразилиа де Минас хэсэгт орших нуурын эрэгт загасчилж байсан эрэгтэй зөгийнөөс зугтан ус рүү үсэрснийхээ дараа живжээ. Албаныхан тус эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж авахад түүнийг пиранья махчин загаснууд идсэн байсныг илрүүлсэн байна.
Орон нутгийн гал унтраах ангийн мэдээлснээр, 30 настай эрэгтэй нь хоёр найзын хамт загасчилж байсан бөгөөд гэнэт зөгийнүүдийн дайралтад өртжээ. Ингээд тэд арга барахдаа ус руу үсрэн орсон бөгөөд удалгүй хоёр нь эрэгт гарч ирсэн хэдий ч хохирогч эрэгтэй хаана ч харагдаагүй аж.
Аврагчид ослын газарт ирэн, олон цагийн турш шумбалт үйлдсэний эцэст уг эрэгтэйн цогцсыг эргээс дөрвөн метрийн зайд олон, гаргаж авсан байна. Албаны эх сурвалжийн хэлснээр, пиранья загаснууд эрэгтэйн биеийн хэд хэдэн хэсэг болон нүүрний баруун талыг нь урж тастан, идсэн байжээ.
Гэхдээ цогцсын байрлалаас харахад талийгаач махчин загаснуудад бариулахаасаа өмнө живж нас барсан гэдгийг яаралтай тусламжийн багийн гишүүн мэдэгдсэн байна.
Пиранья махчин загасны халдлага нь маш ховор тохиолддог хэдий ч ихэнх тохиолдолд үхэлд хүргэдэг аж. Өмнөд Америкийг дайран өнгөрдөг Амазон мөрөнд 30 орчим төрлийн пиранья загас байдаг гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.
Эх сурвалж: Daily Express
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.