Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки Беларусь улсыг төрийн эсрэг терроризмын гэмт хэрэг үйлдэж байна хэмээн буруутгалаа. Энэ долоо хоногт Беларусь, Польш улсын хил дээр мянга гаруй дүрвэгч гацаад байгаа бөгөөд дахин хэдэн мянган дүрвэгч Польшийн хилийн ойролцоо ойрхон ирсэн хэмээн мэдэгдээд байгаа юм.
Уг хэрэгт барууны орнууд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког буруутгаж, хориг тавьсны эсрэг өс санаж, цагаач дүрвэгсдийн асуудлыг өдөөж байна хэмээн үзсэн. Беларусийн хилийн харуул хамгаалалтын албаныхан цагаачдыг Польшийн хил рүү замчилж байна хэмээн өрнөдийн хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Европын холбооны гишүүн Польш улс руу Беларусиар дамжин орохыг оролдож буй мянга гаруй дүрвэгч, цагаач иргэн хасах хэмийн хүйтэнд бага насны хүүхдүүдээ дагуулан хоол хүнсгүй, ой модон дунд гацсаар байна. Хүйтэн цаг агаараас болж 10 орчим хүн хөлдөж үхсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлсэн.
Ерөнхийлөгч Лукашенко өөрийг нь буруутгаж буй явдлыг эрс үгүйсгэд байгаа юм. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мичель нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Польшийн нийслэл Варшавт ирээд байна. Тэрээр хүүхэд эмэгтэйчүүд, дүрвэгчдийг улс төрийн зорилгодоо хүргэх хэрэгсэл болгож байгаа нь байж боломгүй, ичгүүртэй үйлдэл хэмээн буруушаалаа. Үр дүнд нь Европын холбоо Беларусь улсын эсрэг хориг арга хэмжээг ирэх долоо хоногт улам чангатгана гэжээ.
Польшийн Засгийн газар Минскээр дамжин ирсэн Ази болон Ойрхи Дорнодын 20 орчим улсаас ирсэн дүрвэгсдийг хил давуулахгүйн тулд хилийн харуул хамгаалалтаа чангатгаж, 12,000 цэргийг дайчлаад байна. Энэ явдалд ОХУ шүүмжтэй хандаж Польш улс дүрвэгсдийн хямралд хариуцлагагүй хандаж байгааг зэмлэлээ. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын Холбоо Беларусь улсад санхүүгийн дэмжлэг үзүүлж, дүрвэгсдэд туслах ёстой хэмээн мэдэгджээ.
Беларусьтай хил залгадаг Украйн, Литва, Латви зэрэг Европын Холбооны улсууд ч мөн дүрвэгсдийг оруулахгүй гэж мэдэгдэн хилийн хамгаалалтаа хоёр дахин нэмэгдүүлээд байна. Олон хоног хоёр улсын хил дээр өвлийн хүйтэнд гацаад буй цагаачдын асуудлыг шийдвэрлэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр шуурхай хуралдаан зарлажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Edgeer humuusiig bayn arabiin zarim oton ruu ni yavuulj boldiggui ym baihdaa