НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ажлын байран дээрээ архидан согтуурсан ажилчдадаа хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөгдсөн тус газрын мэргэжилтнүүдийг төлөөлж НЭМГ-ын хувийн хэвшлийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуул өнөөдөр хариу мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, "НЭМГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн арваннэгдүгээр сарын 9-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байгууллагынхаа дотоод үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын нэр хүндийг унагасан мэдэгдэл хийж, төрийн албан хаагчдын эсрэг нийгмийг турхирлаа. Ажил дээрээ архидах ёс зүй бидэнд байхгүй. Энэ хүн ажилд орсон цагаасаа хойш архидан согтуурсан гэж зарласан хүмүүсийг өөрөө харин халах сонирхолтой байсаар ирсэн. Ажлаас халах тушаал нэг л өдөр үндэслэлгүйгээр гаргасан. Иймд бид хууль бус тушаалаа хүчингүй болгохыг шаардаж байна" гэлээ.
Мөн "Архидан согтуурсан явдал огт болоогүйг манай хамт олон батлан хэлнэ. 2021 оны зун Энэрэл эмнэлгийн гадаа хүн нас барсан байхад тухайн хүнийг орон гэргүй архичин гэж гутаан доромжилж, гурван төрийн албан хаагчийг ажлаас нь халсан байдаг. Үүнтэй адилхан үг үйлдэл НЭМГ-т дахин явагдаж гурван албан хаагчийг архи уусан гэж гүтгэж ажлаас нь халлаа. Аль нэг сонгуулиар, намын даалгавраар, дарга цэрэг солигдох бүрт багаа бүрдүүлнэ гээд төрийн жинхэнэ албан хаагчдыг бужигнуулдаг, ажлын байранд нь санаархаж өөрийн хүнийг тавихын тулд дарамт шахалтад оруулдаг үйлдэл газар авлаа" гэлээ.
Харин НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Хүнд цаг үед зарим албан хаагч зохисгүй үйлдэл гаргасан асуудал үүслээ. Ажлын байран дээрээ архидан согтуурсан ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ шийдвэр зарим хүнд таалагдаагүй байх" гэсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ичиж үхдэггүйн байхдаа...ингэж явахаас!! Буруугаа хүлээж бусаддаа үлгэр болж амьдараачээ авгай нар аа.