Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд химийн хорт, аюултай цианит натри алдагдаж, их хэмжээний талбай бохирдуулсан хэрэг гарсан билээ.
Олон нийтийн сүлжээнд бичлэг, зураг нь цацагдаж, иргэдийн анхааралд өртсөн, нутгийн малчдын төлөөлөл нь ч үйл ажиллагааг нь эсэргүүцэж байсан энэ хэргийг хаахаар болсныг хэд хэдэн эх сурвалж баталлаа.
Тус компани уурхайн үйл ажиллагаандаа цианит натри ашиглаж, нуруулдан уусгах технологиор алт олборлодог юм. Хортой, аюултай уг бодисыг ашигладаг тус уурхайд өнгөрсөн өвөл үйлдвэр, хүдрийн агуулах хоорондын хоолой хөлдөж, задран 490 гаруй га талбайг хамран цианит натрийн уусмал асгарч, уурын зуух руугаа ч орсон. Харин “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийнхан “Уурхайн үйлдвэрийн талбайд 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний 08.00 цагийн орчимд 110 мм-ийн хоолой задарч, бага агууламжтай, литр тутамд 0.06-0.07 гр буюу 63-70 ppm концентрацтай цианит натрийн сулруулсан уусмал хэсэг талбайг хамарч гоожсон. Тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн ажилчид шугам хоолойд гарсан гэмтлийг хугацаа алдалгүй илрүүлж, урсгалыг зогсоон, орчныг бүрэн аюулгүй болгосон” хэмээн мэдэгдсэн билээ.
Энэ үйл явдлын дараа ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрх бүхий албан тушаалтнаар “Цианит хурдан задардаг, хоруу чанар багатай” гэсэн ярилцлага өгүүлж байсан юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх ослын дараа газар дээр нь шалгалт хийгээд “Цианит натрийн уусмал дамжуулах хоолойг угсрахдаа баталсан зураг төсөл, норм дүрэм, стандартын шаардлага хангаагүй, зураг төслийг бүрэн хийж гүйцэтгээгүй, ашиглалтын явцад урсгал болон их засвар, үйлчилгээний ажил хийгээгүй, технологийн хэвийн ажиллагааны горим баримтлаагүйгээс 1.2 тн цианит натри алдагдсан” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Улмаар үйл ажиллагааг нь зогсоосон билээ.
Энэ хэргийг Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, мэргэжлийн байгууллагын шинжээчдээр дүгнэлт хараахан гаргуулжээ. Шинжээчид “Химийн хорт, аюултай бодис хөрсөнд нэвчээгүй, ус, ургамал, амьтанд хохирол учруулаагүй байна. Тухайн бодис үйлдвэрийн тусгайлж бэлтгэсэн талбайд асгарсан нь орчиндоо аюул тариагүй” гэсэн утгатай дүгнэлт гаргасныг үндэслэн НПГ-ын хяналтын прокурор уг хэргийг хаахаар шийдвэрлэсэн байна. Уг нь “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийнханд Эрүүгийн хуулийн 24.1-3 дахь хэсэгт заасан Байгаль орчныг бохирдуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байсан юм. “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхны үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хор хохирол учруулсан гэх цөөнгүй хэргийг хууль сахиулагчид шалгаж байсан. Гэвч тус компанийнхан хариуцлагаас мултарсаар.
Тухайлбал, 2014 оны наймдугаар сарын 19-нд тус компанийн уурхайн орчимд бор шувууны төрлийн шар хацарт чагнуухай хэмээх 500 шувуу үхсэнийг анх бүртгэсэн бөгөөд түүнээс хойш өдөрт 50-60-аар нэмэгдсээр энэ төрлийн 1000 гаруй жигүүртэн хорогдсон. Уг хэргийг шалгах явцад хаягдлын сангийнхаа ус нэвтрүүлэхгүй байх ёстой хамгаалалтын давхаргад чанаргүй плёнк дэвссэн нь цоорч, хөрсөнд нэвчсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь тус уурхайн өөрийнх нь лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон.
2016 онд “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан хөрсөнд химийн бодистой ус асгасан хэрэг нэг бус удаа гаргасныг хууль сахиулах байгууллагынхан нь мэдээлж байв. Өнгөрсөн өвлийнхтэй адил шахам байдлаар хөрсөнд химийн хорт бодистой ус асгарсан байдаг. Түүнээс хойш 2019 оны зургадугаар сарын 13-14-нд орсон ус ихтэй борооны улмаас уулын ус үерлэж, “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайн хаягдлын сан усанд автсан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид уг үер болохоос гурван сарын өмнө шалгалт хийн, зөрчлүүд илрүүлж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн ч түүнийг нь биелүүлээгүйгээс ийм явдал болсон билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.