Францын баруун хойд хэсгийн Майенн мужид гүйж яваад сураггүй алга болсон 17 настай охиныг орон нутгийн цагдаа нар эсэн мэнд олсон байна.
Албаныхан охиныг гүйж явсан газраас нь 10 км-ийн зайд олсон бөгөөд тэрээр гүн цочролд орсон байжээ. Одоо түүнийг эмнэлэгт хүргэн, тусламж үзүүлж байгаа юм. Прокурорууд нэг эрэгтэйг саатуулан, хүн хулгайлсан хэргээр шалгаж байгаа гэж мэдэгдсэн байна.
Хохирогч өсвөр насны охин нь өнгөрөгч даваа гарагийн 16:00 цагийн орчимд ойролцоох Беллебранче ойд гүйхээр гэрээсээ гарсан аж. Гэвч тэрээр гэртээ буцаж ирэлгүй удахад аав нь түүнийг хайж эхэлсэн бөгөөд гурван цагийн дараа цагдаад дуудлага өгсөн байна. Тэрээр охиныхоо байнга гүйдэг зам дээрээс гар утас болон "GPS" цагийг нь олсон бөгөөд эдгээр хэрэгсэл дээр цусны улс мөр байжээ.
Ингээд албаныхан 200 орчим цагдаагийн алба хаагч, үнэрч ноход, шумбагчид болон нисдэг тэргүүдийг дайчилсан эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Одоо охиныг эсэн мэнд олсон хэдий ч түүнийг алга болсонтой холбоотой мөрдлөгийн ажиллагаа үргэлжлэх аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.