АНУ-ын "Apple" компанийг үүсгэн байгуулагчид болох Стив Возняк, Стив Жобс нарын бүтээсэн анхны компьютер дуудлага худалдаагаар 400 мянган ам.доллароор зарагджээ.
Хавайн коа модон хэсгээс бүрдсэн "Apple-1" ховор компьютер нь бүрэн ажиллагаатай бөгөөд иж бүрдлээрээ худалдаалагдаж байгаа 200 ширхгийн нэг юм. Гэвч дэлхийн даяарх эдгээр 200 компьютерын зөвхөн 20 орчим нь л одоог хүртэл ажиллаж байгаа гэж мэргэжилтнүүд үздэг.
Энэ удаагийн дуудлага худалдаагаар зарагдсан компьютер нь өмнө нь хоёрхон эзэнтэй байсан аж. Анхны эзэн болох коллежийн профессор нь уг компьютерыг өөрийн шавьдаа 650 ам.доллароор зарж байжээ.
"Apple-1"-ийн мэргэжилтэн Кори Коэн "Энэ бол хуучин электрон бараа, компьютерын технологи цуглуулагчдын хувьд ариун нандин зүйл" хэмээн тэмдэглэсэн байна.
Гэхдээ энэхүү дуудлага худалдаагаар зарагдсан компьютер нь хамгийн өндөр үнэд хүрсэн "Apple-1" биш юм. 2014 онд Нью-Йорк дахь дуудлага худалдаанд орсон нэгэн "Apple-1" компьютер 905 мянган ам.доллароор үнэлэгдэж байжээ.
Жобс, Возняк хоёр Рональд Уэйны хамт "Apple" компанийг 1976 оны 4 дүгээр сарын 1-нд Калифорни дахь гараашинд байгуулсан билээ. Тухайн үед тэд өөрсдийн бүтээсэн компьютероо 666.66 ам.доллароор зарж байсан нь Возняк олон давтагдсан тоонд дуртай байсантай холбоотой гэдэг.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.