Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Өнөөдөр нийт 24 асуудал хэлэлцсэн.
Уламжлал ёсоор дархлаажуулалтын талаар мэдээлэл өгье. Улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт 69.4, хоёрдугаар тун 65.9, гуравдугаар тунд 14 хувь нь хамрагдаад байна.
Дархлаажуулалтыг идэвхжүүлснээр сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 8-11 мянган хүн гуравдугаар тундаа хамрагдаж эхэллээ. Орон нутгаас Завхан, Сэлэнгэ аймгуудад гуравдугаар тунгийн хамрагдалт хамгийн өндөр буюу 30-аас дээш хувьтай байгаа бол Дундговь, Ховд, Баян-Өлгий аймагт гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явц 15-аас доош хувьтай байна.
Шадар сайд С.Амарсайхан: Монголоор дамжуулан татах байгалийн хийн хоолойн төслийг өнөөдөр танилцууллаа. 2019 оны 12 дугаар сард Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үедээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хий хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тусгай зориулалтын компанийг байгуулаад байгаа ба инженер техникийн алба хаагчид байнгын байршиж ТЭЗҮ-г хийхээр ажиллаж байна. Өнөөдөр хоёр улсан хамтарсан ажлын хэсэг хамтран ажиллаж байна.
Газпром компанийн удирдлагууд манай улсад ирж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон.
БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хүртэл 962.5 км урт хийн хоолой татагдана. ТЭЗҮ 70 хувьтай байна. ТЭЗҮ энэ ондоо багтаж дуусаад стандартыг нь батлах ажил Монголд хийгдэж байна.
ТЭЗҮ дууссанаар инженер техникийн нарийвчилсан ажилдаа орно. Энэ ажил 2 жил үргэлжилнэ. 2024 он гэхэд барилгын ажил эхэлнэ.
Залгуулаад Засгийн газар хоорондох хэлэлцээрүүдийг байгуулна. Хэлэлцээрээр үнэ, үүргээ тохирно. Газпром компанийн зүгээс дамжин өнгөрөх хийнээс хэрэглэхэд хүндрэлтэй асуудал байхгүй гэсэн. Дамжин өнгөрөх хийнээс ямар хэрэглээтэй байх, ямар зарчмаар хэрэглээгээ хангах уу гэдгээ дотооддоо нарийвчлан гаргах асуудал байгаа. Уг асуудлыг ҮАБЗ-д танилцуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.