"Netflix" стрийминг платформын хит цуврал болох "Squid Game"-ийн хоёрдугаар бүлэг гарна гэдгийг тус бүтээлийн зохиолч, найруулагч Хван Дун Хёк мэдэгджээ.
Хван өнгөрөгч мягмар гарагт Лос Анжелес хотноо болсон арга хэмжээнд оролцох үеэрээ "Үзэгчдийн зүгээс хоёрдугаар бүлгийг үнэхээр их хүсэж байгаа тул хүлээлт, дэмжлэг болон дарамт их өндөр байгаа бөгөөд бидэнд сонголт үлдээгүй мэт санагдаж байна. Гэхдээ хоёрдугаар бүлэг гарна гэдгийг би баталж байна" гэж "AP" агентлагт хэлсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн "Цувралын дараагийн түүх яг одоо миний толгойд байгаа. Би одоогоор төлөвлөлтийн шатандаа явж байна. Хоёрдугаар бүлэг хэзээ, хэрхэн өрнөхийг хэлэхэд арай эрт байгаа юм. Гэхдээ гол дүр болох Ги Хун эргэн ирж, том зүйл хийнэ гэдгийг амлаж байна" хэмээжээ.
COMEBACK SQUID: Hwang Dong-hyuk, the director, creator, writer of #SquidGame says the show will be back with more Gi-hun adventures. pic.twitter.com/uqC1DIdZqy
— AP Entertainment (@APEntertainment) November 9, 2021
Солонгос хэл дээрх тус цуврал нь хүнд хэцүү нөхцөл байдалд орсон 456 оролцогч 45.6 тэрбум воны төлөө үхлийн аюултай хүүхдийн тоглоомуудаар өрсөлдөж байгаа талаар өгүүлдэг юм. Энэ оны 9 дүгээр сард нээлтээ хийсэн есөн ангит цуврал нь аль хэдийн "Netflix"-ийн хамгийн алдартай бүтээл болжээ. Үзэгчдийн тус цувралыг үзсэн нийт хугацаа нь бараг хоёр тэрбум минутад хүрээд байгаа аж.
Эх сурвалж: Yonhap News Agency, Screen Rant
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.