СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-11

Н.Нэргүй: Өдөр тутмын амьдралд хүнийг боловсрол шиг тулж босгодог хүч хаа байх вэ?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тохиолдуулан тус салбарт энэ насны амьдралаа зориулж яваа Н.Нэргүй багштай ярилцлаа 

- Та химич мэргэжилтэй мөртлөө яагаад боловсролын салбарын хүн болчихсон юм бэ?

- Москвагийн их сургуулийг химич мэргэжлээр төгсөөд 1979 онд ирэхэд тухайн үед Дээд боловсролын улсын хорооны шийдвэрээр намайг МУИС-д химийн багшаар ажиллуулахаар томилсон юм. Энэ байгууллага их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байранд хуваарилан томилдог байсан. Байгуулагдаад 260 гаруй жилийн түүхээ бүтээж байгаа М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль бол тухайн үеийн социалист системийн улс орнуудын хувьд ч төдийгүй өнөө үеийн дэлхийн топ их сургуулиудын нэг шүү дээ. Иймээс энэ сургуулийг төгссөн хүнийг мэргэжлийнх нь чиглэлээр өөрийнхөө их сургуульд багшлуулах нь зүйтэй гэж үзсэн болов уу. Ингэж миний ажил, амьдралын гараа МУИС-д багшлахаас эхэлж, боловсролын салбарт тасралтгүй 40 гаруй жил ажиллаж байна.

- Намтраас тань харахад, МУИС-д 14 жил багшлаад 1992 оноос Боловсролын яаманд мэргэжилтнээр оржээ. Тэр цаг бол манай улсад ардчилсан хөдөлгөөн ялж, нийгмийн бүхий л салбарт өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц дөнгөж эхэлж байх үе тул боловсролын салбарын түүхэн сонирхолтой үед Та тэнд ажиллаж эхэлж шүү дээ?

- Яах аргагүй 1990-ээд оны эхэн үеийн Монгол Улсад боловсролын хуучин тогтолцоо задарч, шинэ тогтолцоо үүсэн бүрэлдэж амжаагүй байсан үед МУИС-иас яаманд шилжиж, боловсролын өөрчлөн байгуулалтад гар бие оролцон ажиллах хувь тохиосон. Гэхдээ Монголд суралцахуй, түүний дотор мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг илүү боловсронгуй болгож сайжруулах шаардлага байгааг мэдэрч, судалгаа шинжилгээ, туршилтын ажлууд хийж эхэлсэн үе маань 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөөс хавьгүй өмнө юм шүү дээ. Энэ бол бодит түүх.

1980-ад оны эхэн үед МУИС, Москвагийн их сургуулийн Сэтгэл судлалын факультет хоорондын хамтын ажиллагааны төсөл хэрэгжиж, энэ төслийн хүрээнд зарим багш нар маань тус факультет дээр мэргэжил дээшлүүлж, өнөөдрийн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, суралцахуй, багшлахуйг хөгжүүлэх гол чиг хандлагаа болгоод байгаа суралцахуйн конструктив онолуудын нэгэн хүчтэй урсгал болох Л.С.Выготскийн үйл ажиллагааны онол, бүр тодруулбал, “Суралцахуйн үйл ажиллагааны онол”-ыг судлах боломж  нээгдсэн юм.

МУИС нь Монголын бүтээлч сэхээтнүүдийн оюуны төв байсны хувьд математик, физик, хими, газар зүйн мэргэжлийн бидний хэдэн багш 1983 оноос өөрсдийн хүсэл зориг, идэвх чармайлтаар сайн дурын судалгааны хамтлаг байгуулж, оюутанд тогтолцоон баримжаатай онолын сэтгэлгээ эзэмшүүлэн төлөвшүүлэх арга ухааныг эрэлхийлэх чиглэлээр ажилладаг байлаа.

Бид тэр үед багш оюутанд бэлэн мэдлэгийг бэлнээр нь дамжуулах арга давамгайлсан байгаад шүүмжлэлтэй хандаж, яаж тэдний үйлээр дамжуулан онолын сэтгэлгээний барилууд, бүр онцолбол тогтолцоон сэтгэлгээний барилууд эзэмшүүлэх замаар аливаа асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэгдэх боломж олгодог системтэй мэдлэг бүтээлгэж болох вэ гэсэн асуудлыг судалж, аль ч түвшний, аль ч хичээлд үл хувиран хадгалагдах сургалтын хөтөлбөрийн инвариант загварыг боловсруулж, туршиж, хамтран хэлэлцдэг байсан үе юм.

Тэрхүү 1980-ад оны эхээр бидний хэдэн монгол багш өөрсдөө гадарлаагүй ч бидний дэвшүүлсэн асуудал, түүнийг шийдвэрлэхийн төлөө гаргасан хүчин чармайлт маань яг тэр үеийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, хөгжлийн хүчин зүйлсийн асуудал болоод байсан юм билээ. Өндөр хөгжсөн барууны орнуудад 1970-аад оныг хүртэл хөгжил дэвшил гэдэг шинжлэх ухаан ба аж үйлдвэрийн интеграци юм хэмээн үздэг байснаа эргэн харж, иргэдийн боловсролоор улс орны хөгжил дэвшил хэмжигдэх ёстой гэдэг үзэл хурцаар тавигдаж, хүний хөгжилд түлхүү анхаарч байж. Яг энэ цаг үетэй давхцан Монголд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлуудыг хэдийгээр сайн дурын багш нарын хамтлагийн хүрээнд боловч ямартай ч эхлүүлэх үйл хэргийг санаачлагч, оролцогчийн нэг байжээ гэдгээ мэдэхэд надад таатай байдаг.

Дээр дурдсан 1980-ад оноос эхтэй судалгаа, сургалтын сайн дурын хамтлаг маань 2000 онд МУИС-ийн дэргэдэх Мэргэжлийн дидиктикийн сургалт, судалгааны төв болон албажсан түүхтэй. Энэ ташрамд олон жилийн судалгааны үр дүнгүүдээ нэгтгэн миний бие 1997 онд математик, байгалийн ухааны тодорхой судлагдахууны жишээн дээр сургалтын зорилго, агуулга, арга зүй, шинэчлэх стратегиүд болох гүн ухаан, арга судлал, сэтгэл судлал болон ардын өв уламжлалын нэгдмэл онол арга зүйд суурилсан Сургалтын тогтолцооны инвариант бүтцийг тогтоож, утгажуулан батлах нь сэдвээр дэд докторын бүтээлээ туурвин хамгаалж байв.

Түүнчлэн Сургалтын агуулгын дидактик нэгжийг томсгох (Ц.Далайжамц, 1997), Сургалтын агуулгыг прагматчилах (Н.Оюунцэцэг, 1999), Сургалтын агуулга арга зүйг элементарчилах, цогц чадамжуулах (Б.Бурмаа, М.Ганбат, 2000-2008), Бага насны хүүхдийн сургалтын агуулгыг боловсронгуй болгох (Н.Норжхорлоо, 2000), Кирикюлим хөгжил ба боловсролын стандартыг оновчлох (Ц.Лувсандорж 2001), Киррикюлим тогтолцооны инвариант загварыг боловсролын хэрэгцээний онцлогт нийцүүлэн тусгайлах арга зүй (Э.Болормаа, 2009), Сонгох-хариултат даалгаврыг шинжлэх аргазүй (Ч.Нямгэрэл 2016) зэрэг олон нэг сэдэвт докторын болон бусад томоохон бүтээлүүд гаргасан хамтран зүтгэгчдээ дурдахгүй, дурсахгүй байхын аргагүй. Монголын шинэ нийгэмд боловсрол, сургалтын шинэ тогтолцоог бүрдүүлэх онол, арга зүйн төдийгүй өөрчлөлт шинэчлэлийн бодлого, стратегийг тодорхойлох суурь шийдлүүд үндэслэлийг тогтооход МУИС-ийн дэргэдэх МДССТ томоохон хувь нэмэр оруулж ирсэн нь дээрх бүтээлүүдийн товч агуулгаас тод харагддаг. Өнөөдөр тэд болон тэдний шавь нар ажил хөдөлмөрийн аль ч салбарт манлайлан ажилласаар байна.   

- Үнэхээр сонин түүх юм. МУИС-д байхаас энэ талаар судалгаа, шинжилгээ эхлүүлсэн хүн шилжилтийн үеийн Боловсролын яаманд ажиллахад урам зоригтой байсан болов уу?

- Бидний хэн нэг нь энэ байгууллагад ажиллаж, өөрсдийн бодож санаж байгаа үйл хэргээ илүү өргөн хүрээнд таниулж, боловсролын  шинэчлэлд хувь нэмрээ оруулах боломж байгаа талаар манай хамтлагийн физикийн Б.Бурмаа багш санал гаргаж, бид багаараа хэлэлцээд манайхан намайг яаманд ажиллах нь зүйтэй гэж үзсэн нь 1992 он юм даа. Эхлээд би шууд татгалзсан. Гэвч нэлээд хугацаанд бодсоны эцэст яаманд ажиллахыг зөвшөөрсөн шийдвэрээ гаргаж байлаа. Учир нь тухайн үед дадлагажиж туршлагажсан ажлаа огт өөр нөхцлөөр солих сонирхол надад төрөөгүй, тэгээд ч МУИС-ийн багшийн цалин яамны мэргэжилтнийхээс өндөр, сургуулийнхаа дэмжлэгтэйгээр гурван өрөө орон сууцтай болсон болохоор надад эдийн засгийн болон ахуй нөхцөлөө сайжруулах сонирхол хэрэгцээ байгаагүй ээ.

Яагаад энэ тухай өгүүлэв гэхээр яаман дээрх ярилцлагад энэ талаар надаас асууж байсан юм. Гэхдээ мэдээж 10 шахам жил хийсэн нөгөө л суралцагчдад хэрхэн тогтолцоон сэтгэлгээний баримжаатай мэдлэг олгох онол, арга зүйн эрэл хайгуулынхаа хэрэгжилтийг өөрчлөгдөн шинэчлэгдэж буй боловсролын системд харах, үр дүнд хүргэх үйл явцад өөрийн биеэр оролцох бодол маш хүчтэй хатгасаар байсан. Тэгээд л энэ хүсэл бодлоо дагаж яамны бага, дунд боловсролын газарт байгалийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхлээд дараа нь бага, дунд боловсролын агуулга, стандарт, сурах бичиг, хүний нөөцийн хөгжлийн бодлогууд, тэдгээрийн хэрэгжилтийн зохицуулалтын асуудлуудыг хариуцан ажиллах болсон.

Шинэ ажил маань миний хувьд юуны өмнө хөгжлийн бодлого, стратеги гэж юу болохоос эхлээд л засаглал, эрх зүйн зохицуулалт, захиргааны удирдлагын талын мэдлэг, англи хэл, компьютерийн шинэ мэдлэг, ур чадвар, арга барилд түргэн суралцах нөхцөл болж байлаа. Надад МУИС-д багшилж байх үеийн сургалт, судалгаа маань суралцахуй болон багшлахуйтай холбоотой бодлого, стратегийн хувилбарууд боловсруулах, тэдгээрээс сонголт хийх, мэргэжил, арга зүйн давуу талыг олгодог байв.

Шилжилтийн үеийн эдийн засгийн хямралд боловсролын салбар үнэхээр нэрвэгдсэнийг бид мэднэ. Ажилдаа үнэнхүү зүрх сэтгэлээр хандсаар ирсэн Монголын мянга мянган багшийн хүч хөдөлмөр дээр тогтож байлаа шүү дээ. Энэ цаг үед манай яам зах зээлийн нийгэм дэх боловсролын талаар баримтлах бодлого боловсруулах, салбарын эрх зүйн харилцааг зохицуулсан боловсролын тухай багц хуулиуд боловсруулах  боловсролын үйлчилгээний чанарын баталгааг хангахуйц боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг боловсруулж мөрдөх ажилд төвлөрч ажиллаж байлаа.

Тухайлбал, Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг 2002 онд, Цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг 2004 онд анх батлуулж өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байна. Одоо энэ үзэл баримтлалыг шинэчлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна. Үүгээр боловсролын салбарын олон асуудал цэгцэрч илүү сайжрах ёстой юм.    

- Та боловсролын өмнөх тогтолцоогоор бага, дунд, дээд боловсрол олж, ажил амьдралд бэлтгэгдсэн хүн шүү дээ. Тэр үед хэрэглэж байсан сонгодог боловсролд ч бас дутагдал байна гэдгийг анх хэрхэн олж харж, шүүмжлэлтэй хандах болсон юм бэ?

- Би бол 1960-аад оны сурагч. Би нийслэл хотод төрж, анх сургуульд орсон ч манайх гэр бүлээрээ хөдөө нүүсэн тул Төв аймгийн Баянжаргалан суманд бага, Баян суманд суурь, аймгийн төвд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Би Москвагийн их сургуульд 70-аад онд суралцсан оюутан гээд үзэхээр боловсролыг үл алагчилсан шударга, хүртээмжтэй, үнэ төлбөргүй эзэмшүүлж байсан “алтан үеийн” бүтээгдэхүүн юм. Би үүндээ маш их баярлаж, талархаж явдаг. Гэхдээ багш голдуу “ийм л байх ёстой юм байх” гэж бодогдох бэлэн мэдээлэл, арга зааж байхад сурагч голдуу харж, сонсож, тэмдэглэж аваад заасан аргынх нь хүрээнд л өгсөн дасгал, даалгаварыг хийдэг байлаа. Бас хичээл бүр холбоо муутай, мэдлэгүүд ихэнхдээ салангид байдлаар өгөгддөг, шалгалтад голдуу л цээжлэх замаар бэлддэг байлаа.

Жишээ нь, химийн хичээл гэхэд химийн элементийн тухай мэдлэгийг тус тусад нь, цувуулж заах биш дурын химийн элементийг судалж болох системтэй мэдлэг, аргыг өгч болох байсныг хожим л олж харсан. Москвагийн их сургуулийн оюутан байхад ойлгохгүй зарим сэдвийг өөрөө нухсаар учрыг нь олсон хойноо “Өө, энэ чинь ийм хялбар байж шүү дээ. Багш яагаад ерөнхий аргыг нь хэлчихээгүй юм бол. Сурах бичиг дээр энэ талаар яагаад бичээгүй байдаг юм бол оо” гэж бодох үе ч гарна. Химийн бодисууд, тэдгээрийн хооронд явагдах урвалууд үй түмэн янз ч тэдгээрийг судлах тусгай аргуудын зэрэгцээ бүгдэд хамаарах ерөнхий арга зүй байдаг. Энэ аргууд ихэвчлэн систем сэтгэлгээний барилуудаар бүтээгддэг.

Алив юмс, үзэгдлийг таньж мэдэх, ойлгож судлах аргыг цогцоор нь системтэй мэдлэг болгож суралцагчдад эзэмшүүлэх нь тэднийг идэвх оролцоотой, бие даан таньж мэдэх хүсэл сонирхолтой, илүү бүтээлч болгодог юм байна гэдгийг өөрөө багш болсон хойноо оюутнуудтай ажиллаж эхлээд бүр ч илүү олж харсан. Оюутны цээжилж тогтоосон мэдлэг гүехэн, хэрэглээ муутай байдаг бол тэрээр өөрөө уг  зүйлийг тогтолцоонд нь харж, танин мэдэх замаар үйлдэж олж авсан мэдлэг нь гүн бат, цаашид хөгжүүлэн хэрэглэх ур чадвар болж тогтдогийг харсан. Тэгээд л сургалтын арга, суралцахуйн онолын талаар энэ нь яг юу болох, яавал илүү үр дүнтэй байх талаар нэлээд гүнзгий судлах болсон хэрэг.

- Та дунд сургуульд элсэн орсноос өнөөдрийг хүртэл боловсролын салбараас хөндийрсөнгүй 60 жил болжээ. Та “алтан үе” гэж социализмын үеийн боловсролын тогтолцоог дээр дурдлаа. Энэ үнэхээр Монголын боловсролын алтан үе мөн үү?

- Би сурагч байсан, дараа нь оюутан болсон үе маань социализмын үед таарсан учраас миний хувьд алтан үе байлгүй яах вэ. Түүнчлэн улс орны нэн чухал салбар болохынхоо хувьд бүх хүнд боловсрол тэгш хүртээмжтэй олгосон Монголын түүхийн алтан үе мөнөөс мөн. Энэ үндэс суурь байсан учраас бид өнөө ч академик боловсрол сайтай иргэдтэй улс орон гэгддэг. Бичиг үсэгт тайлагдахаас эхлээд орчин цагийн шинжлэх ухаан хөгжсөн, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин салбар бүрд өсөж өндийсөн ийм цаг хугацаагүйгээр өнөөдрийн боловсролын салбарыг төсөөлөх аргагүй шүү дээ. Үе үеийнхэн тухайн нийгэм-түүхэн нөхцөлийнхөө л бүтээгдэхүүн байдаг.

Аливаа үйлийг орчин төрүүлдэг, сайн сайхан орчин байвал сайн сайхан үйл төрж түгдэг, муу муухай орчин байвал муу муухайн үйл төрж түгдэг жамтай. Иймээс улс орны нийгэм ямар л байна, тийм л иргэд төлөвшинө. Иймээс бид нийгмээ хамтын амьдралаа өөд нь татаж, цэвэршүүлэхгүйгээр эрх чөлөөтэй, бүтээлч иргэдийг төлөвшүүлж, дэлхийд өрсөлдөхүйц, энээ тэрээ болгоно гэж мөрөөдөөд ч яах вэ.  

- Сүүлийн 30 жилд Монгол Улс боловсролын хөтөлбөр, ялангуяа дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг нэг бус өөрчилж, сурах бичиг ч мөн хэдэнтээ солигдож, үе үеийн сурагчид алдааг нь хийгээд оноог нь ч бишгүй амссан. Та энэ талаар юу хэлэхсэн бол?

- Ер нь боловсролын бүх үйл хэрэг хүн амдаа боловсрол эзэмшүүлэхэд чиглэдэг. Тэгвэл боловсрол гэдгийн дор юуг ойлгох тухайлбал, ямар мэдлэг, чадвар, зан үйл, ёс суртахуун, хүмүүжил, төлөвшлийг ямар хугацаанд ямар арга зүйгээр ямар орчинд эзэмшүүлж, ямар үр дүнд хүрснийг хэрхэн тогтоож байх вэ гэсэн асуултууд тавигдана. Энэ асуултын хариулт сургалтын хөтөлбөрт тодорхойлогдсон байдаг. Тэгэхээр сургалтын хөтөлбөр гэдэг бол боловсролын үйл хэргийн амин сүнс юм. Мэдээлэл асар хурдтай нэмэгдэж, түүнийг түгээх, хэрэглэх боломж нээлттэй болсон үеийн өнөөгийн хүмүүс ямар мэдлэг, арга ухаанд суралцах хэрэгцээ үүсэж байгааг дэлхийн эрдэмтэд судлаад салангид мэдлэг, тусгай нөхцөлд хэрэглэгддэг явцуу аргууд биш, тэдэнд тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх, тогтвортой, чанартай амьдрах боломж олгож чадах арга ухаан болох цогц чадамжийг эзэмшүүлэхийг чухалчлах болсон.

Өөр нэг зүйл бол Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн учир боловсролын үйлчилгээ нь эрэлт нийлүүлэлтийн дотоод хүч, механизмтай байх учиртай.

Иймээс 1995 оны Боловсролын тухай хуульд боловсролын түвшинүүдийг тодорхойлж, тус бүрд нь харгалзах стандарттай байхыг хуульчилсан. Үүний дагуу БСШУ-ны сайдын 2002 оны 202 тоот тушаалаар Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлим (сургалтын хөтөлбөр)-ийг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг баталж, стандарт нь боловсролын тухайн түвшин бүрийн гаралт дээр хүрсэн байх үр дүн буюу эрэлтийг, харин сургалтын хөтөлбөр нь энэ эрэлтийг хангах нийлүүлэлтийг тус тус тодорхойлж, харилцан бие биеэ үнэлж хөгжүүлж байх механизм байхаар заасан. Энэ үзэл баримтлалд нийцүүлэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг боловсруулах ажлын захиалагч талын ахлагчаар ажиллаж, 2004 онд батлуулсан.

Энэхүү хоёр жил гаруй хугацаанд боловсролын 4 түвшний, агуулгын 16 чиглэлийн нийт 20 стандартыг 160 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үндэсний баг боловсруулж, 2004-2005 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд мөрдөж эхэлсэн түүхтэй. Мөн Монгол Улс 2008-2009 оны хичээлийн жилээс 6 настай хүүхдийг сургуульд элсүүлж, суралцах хугацааг 12 жилд шилжүүлэх зорилтын хүрээнд нэг хичээлийн жилд хоёр ангийн шилжилтийг хийж, үндэсний сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх замаар энэ шилжилтийг 2014-2015 оны хичээлийн жилд амжилттай дуусгасан.

Сургуульд суралцах хугацааг 10-аас 12 жилд шилжүүлэх, цогц чадамжид суурилсан боловсролын шинэ стандарт болон түүний шаардлагыг хангасан сургалтын нээлттэй хөтөлбөрийн тогтолцоог сургалтад нэвтрүүлэх гэсэн зэрэгцсэн хоёр реформын үрээр шинэ тогтолцооны үндэс суурь тавигдсан бөгөөд энэ өөрчлөлт шинэчлэл нь манай салбарынхан төдийгүй бусад салбар, эцэг эхчүүдийн хүчин чармайлт, нөр их хөдөлмөрийн үр шим байлаа. Үндэсний хэмжээний аливаа томоохон өөрчлөлт, шинэчлэлт гэдэг өөрөө цар хүрээ өргөнтэй, олон салбарын, олон түвшний бүтээлч хамтын ажиллагаа шаардсан ажил байдаг учраас боловсролын салбарын шинэчлэлд ололт амжилт гарахын зэрэгцээ алдаа дутагдал ч тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ бүгдээсээ сургамж авч,  цаашдын үйл хэрэгтээ шинжлэх ухаанч, илүү ухаалаг, тууштай хандах нь чухал байна.

- Энэ хугацаанд сургалтын хөтөлбөрүүд хэдэнтээ өөрчлөгдсөн шүү дээ. Жишээ нь, “Цөм” гэж нэрлээд байгаа 2012 оны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд Та мөн оролцсон уу?

- Би 2012 онд тэтгэвэрт гарсан учраас миний шууд оролцоо байхгүй. Ер нь энэ салбарын боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, хүний нөөцийн хөгжлийн бодлогууд, тэдгээрийн хэрэгжилтийн зохицуулалтыг 20-иод жил хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн хүний хувьд салбарынхаа аливаа өөрчлөлт, хөдөлгөөнийг өөрөө оролцсон, оролцоогүй ажиглаж өөрийн гэсэн үнэлгээ, дүгнэлттэй явдаг хүн. Эдийн засгийн хүндрэл бэрхшээл арилаагүй, сургууль, анги танхимын хүрэлцээ муу, багш нарын ачаалал их хэвээр байгаа үед өөрөөр хэлбэл, шинэ стандарт, хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хангалттай орчин нөхцөл бүрдүүлж чадаагүй хэрнээ юуны түрүүнд сургалтын хөтөлбөрөөр ойр ойрхон оролдохын горыг эцэг эхчүүд ч, сургууль багш нар, салбарын мэргэжилтнүүд ч хангалттай мэдэх болсон шүү дээ.

Сургалтын үндэсний хөтөлбөр дөнгөж хэрэгжиж эхэлж байх үед ялангуяа сүүлийн 10 гаруй жилд боловсролын салбарт улс төр хүчтэй нөлөөлөх болж, үндэслэл муутай шийдвэрүүд, үрэлгэн зардлууд, хам хум бүтээгдэхүүнүүд нэлээд гарч, эхлүүлсэн үйл ажиллагаануудаа улам сайжруулаад явахын оронд зарим гацаа, доголдол үүсгэж, эцсийн дүндээ сургууль, багш нараа тамирдуулаад байгааг манайхан сайн мэднэ. 

- Таны бүхий л амьдрал боловсролын салбартай холбогдож, боловсролтой монгол хүний төлөө зорьжээ. Өнөөдөр боловсролыг их, дээд сургуулийн дипломоор хэмжих нь учир дутагдалтай болохыг ойлгож эхэлж байна. Харин Та энэ цагийн боловсролтой монгол хүн гэж яг ямар хүнийг тодорхойлон хэлэх вэ?

- Өдөр тутмын амьдралд хүнийг боловсрол шиг тулж босгодог хүч хаа байх вэ. Алив асуудал, бэрхшээлийг шинжиж ойлгох оюун сэтгэхүйн чадвартай байх нэн тэргүүний боловсрол юм. Сайхан нинж сэтгэлтэй, тусч сайн үйл хийж явахыг хүний чухал боловсролд үзнэ. Сүүлийн үед эерэг харилцаа, зөв хандлага гэж их ярьж, бичдэг чинь л энэ боловсролыг хэлээд байгаа юм шүү дээ. Эцэст нь ёс зүй. Ёс зүйтэй хүн хариуцлагатай зөв шийдвэр гаргадаг, хамгийн зөв зан үйлийг өөртөө шингээсэн байдаг. Хэлж, хийх нь зөрүүтэй хүмүүс олон болж байна. Энэ нь тэд хэчнээн олон, бас том сургууль төгссөн байлаа ч тэдний боловсролд нь эргэлзэх том шүүлтүүр юм.

Дээд мэргэжилгүй байх нь боловсролгүй гэсэн ойлголт ерөөс биш. Хийж байгаа ажлаа ур чадвартай, хариуцлагатай гүйцэтгэж, хамт олон, байгууллага, гэр бүлийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, тэдэнтэйгээ найрсаг харилцаж, эвийг эрхэмлэдэг, эрүүл саруул байх зан үйлийг дадал болгож чадсан л бол тэр өндөр боловсролтой хүн. Боловсролын хэлээр товчоор хэлбэл, танин мэдэхүй, харилцаа хандлага-сэтгэл хөдлөл, зан үйлийн аль ч талаасаа тэгш, зөв хөгжиж төлөвшиж яваа хүнийг боловсролтой хүн гэнэ дээ. Түүнээс биш боловсролын докторын зэргийн дипломтой ч сэтгэл санаа нь тогтворгүй, үйл үзэл нь хувиа хичээсэн, харилцаа, хандлага нь өрөөсгөл, хариуцлагагүй, бүтээлч биш бол түүнийг өндөр боловсролтой хүн гэж өнөө цагт үзэхгүй л байх даа.

- Өнөөдөр дэлхий даяараа цар тахлын үеийг туулж, монгол сурагч, оюутнууд ч хоёр дахь жилдээ цахимаар хичээллэн, шинэ сорилтыг туулж байна. Та ирээдүйн боловсролын салбарын чиг хандлагын талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

- Миний сурч байх үеийн боловсролыг одоогийнхтой харьцуулах, мөн ирээдүйн боловсрол ямар болохыг төсөөлөн зүйрлүүлэхэд бэрхтэй болж байна. Бүх зүйл хувиран өөрчлөгдөж байх жамтай ч гэсэн хүн төрөлхтөн боловсролыг хэзээд хамгийн үнэ цэнтэйгээр хүндэтгэн үзсээр л байх болно гэдэгт би итгэдэг. Хамгийн сайн бүхнээ тухайлбал, хангалттай санхүүжилт, таатай материаллаг орчин нөхцөл, чадварлаг хүмүүсээ  боловсролд зориулж гэмээнэ дэлхий илүү сайн сайхан байна гэдэгт огтоос эргэлзэх хэрэггүй гэж боддог. Хүн төрөлхтөн олон мянган жилийн туршид боловсрол гэж юу болох, хүн оршин байхын тулд юуг мэдэж, юунд суралцсан байх талаар арвин их туршлага хуримтлуулсан нь маргашгүй юм.

Гэвч XX зууны 70-аад оноос дэлхийн хүрээлэн орчин ба хүн төрөлхтний хөгжлийн уялдаа холбооны асуудал хурцаар хөндөгдөж, үүссэн асуудлыг шийдвэрлэхэд бүх нийтийн боловсролын асуудал чухлаар тавигдах болсон. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл харьцангуй богино хугацаанд хүмүүст чухам ямар боловсрол шаардлагатай болох талаарх асуулт хэдэнтээ тавигдсан гэж үздэг.

Тухайлбал, 1996 онд дэлхий нийтэд Делорсийн гэж алдаршсан илтгэлд хүн мэдэхийн төлөө, хийж бүтээхийн төлөө, оршин байхын төлөө, хамтдаа нийгэмшиж амьдрахын төлөөх мэдлэг, чадварт суралцдаг гэж үзсэн бол хамгийн сүүлд 2019 онд ЮНЕСКО-гоос “Боловсролын ирээдүй”-н талаар дэлхийн нийтээрээ хэлэлцэж, 2050 он хүртэлх алсын харааг гаргахаар ажиллаж байна. Энэ хэлэлцүүлгийн тайланг 2021 оны сүүлчээр гаргахаар төлөвлөсөн.

Эндээс харахад хөгжил хурдсаж, мэдээллийн зах хязгааргүй ертөнцөд амьдарч буй орчин үеийн хүмүүс ямар боловсролтой байвал зохихыг, мөн эх дэлхийн байгалийн тэнцвэр алдагдаж газар хөдлөлт, цунами, халдварт өвчний давтамж ойртон олшрох магадлал улам бүр нэмэгдэх үед амьдрах ирээдүйн үеийнхэнд ямар боловсролыг хэрхэн эзэмшүүлэх асуудал өнөөдрийн хүн төрөлхтөнд тулгамдсан нийтлэг асуудал болоод байна. Ийм учир зүйн шалтгааны улмаас орчин цагийн боловсролыг бүхэлд нь хувирган өөрчлөх үндсэн стратегиүд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга механизмуудыг  тодорхойлсон тогтвортой хөгжлийн төлөөх “Тогтвортой хөжлийн боловсрол-2030” Замын зураглалыг НҮБ ба ЮНЕСКО-гоос 2020 онд баталсан.

Монгол Улс дэлхий нийтийн түвшин дэх боловсролын хөгжлийн чиг хандлагад баримжаалан өөрийн улс орныхоо байгалийн болон нийгэм ахуйн хам нөхцөлдөө тохирсон боловсролын тогтолцоог хөгжүүлэх бодлого, стратегиүдийг боловсрууулан холбогдох баримт бичгүүдээр баталгаажуулан хэрэгжүүлсээр ирсэн.

Тухайлбал, цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг дээр дурдсан Делорсын илтгэлийн суралцахуйн зорилгын 4 айд тулгуурлан боловсруулж,  сургалтын үндэсний болон цөм хөтөлбөрүүд болон сурах бичгүүдэд ТХБ-ыг интеграцчилан хэрэгжүүлсээр ирсэн. Монгол Улс 2024 онд шинэчлэн сайжруулсан сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаа тул түүний бэлтгэл болгож, дээр дурдсан нөхцөл байдал, хөгжлийн хэрэгцээ шаардлагаа бүрэн гүйцэт, ул үндэстэй сайн тооцсон боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх үзэл баримтлалаа гүнзгийрүүлэн нарийвчилж, тэдгээрт нийцсэн сургалтын хөтөлбөрүүдээ шинэчлэн чамбайруулж, шаардлагатай бүх бэлтгэлээ чанартай хангахад хүч анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм.

Бидний өнгөрснөөс олж авсан гол сургамж бол баримт бичгийн түвшинд гол стратегийн шийдлүүдээ боломжийн түвшинд хийж чаддаг ч тэдгээрийг хэрэгжүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг зөв эрэмбэлж, шаардлагатай боломж нөхцөлийг бүрэн гүйцэт, чанартай хангаж чаддаггүй, хяналт-шинжилгээ, үнэлгээний оновчтой зөв системийг бүтээж чадаагүйгээс товлосон үр дүндээ бүрэн хүрч чадахгүй байгаа явдал юм. Суралцагч алдаан дээрээ суралцаж чадвал илүү их амжилтад хүрдэгтэй нэгэн адил боловсролын салбар ч засаж залруулах ёстой зүйлээ  олж тогтоож, алдаа оноогоо ухамсарлаж чадвал илүү их амжилтад хүрэх нь дамжиггүй ээ. Би Монголынхоо боловсролын эрчимтэй хөгжил, дэлхийд манлайлах түвшний боловсролтой монгол хүний чадавхид бүрэн итгэдэг. 

 Ярилцлага хийсэн: Б.Энхцэцэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

mundag hugshin ym

guest
2 жилийн өмнө
66.181.161.104

Ene didakiin tub odoo yasan be? Hoish ue ni ubluj abaagui l ym bn daa

Зочин
2 жилийн өмнө
103.26.193.63

Улс төрийн давалгаагаар тараасан

Ж. Юра
2 жилийн өмнө
202.9.46.195

Нэргуй багш маань маш их ухаалаг даруу Сайхан эрдэмлэг багш шуу. Тууний ямар мундаг оюунлаг хун болохыг та бухэн энэ ярилцлагаас мэдрэх болно гэдэгт итгэлтэй Байна.

1984 оны төгсөгч Г.Цолмон
2 жилийн өмнө
192.82.83.163

Сайхан БАГШДАА эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье

МУИС, Гүнзгий ангийн төгсөгч
2 жилийн өмнө
103.229.122.211

Нэргүй багш, Даржаа багш, Далайжамц багш нар боловсролыг системтэй заах тал дээр олон жил, сайн дураараа санаачилж, манлайлж ажилласан. Багш нараа санагалзав. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.