Туркийн зүүн хэсгийн Малатья хотод орших нэг давхар барилга өнгөрөгч мягмар гарагт нуржээ. Аврагчид одоогоор 13 хүнийг нуранги дороос эсэн мэнд гаргаад байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Тус барилгын нурсан шалтгаан хараахан тодорхой болоогүй байна. Ослын газарт байсан гэрчүүдийн хэлснээр, нуралтын өмнөхөн засвар хийж байсан бөгөөд энэ үеэр барилгын багана гэмтсэн аж.
Осол гарах үед барилга дотор олон хүн байсан бөгөөд нуранги дор дахиад хэдэн арван хүн дарагдсан байх магадлалтай гэж албаныхан үзэж байна. Уг барилга дотор байсан иргэдийн хамаатан саднуудыг сураггүй алга болсон хүмүүсийн талаар мэдэгдэхийг Малатья мужийн захирагчийн албанаас уриалсан юм.
Нурангид дарагдсан иргэдийг гаргаж авах ажиллагааг тус улсын Онцгой байдлын газраас удирдан зохион байгуулж байгаа бөгөөд ойролцоох бүс нутгийн эрэн хайх, аврах багийнхан мөн нэгдээд байгаа аж. Ослын газарт одоогоор нийт 30 түргэний машин ажиллаж байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, нурангиас гаргаж авсан 13 хүн хөнгөн бэртсэн хэдий ч хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.