Италийн иргэн 72 настай Вена Каммарота төрөлх нутгаасаа БНХАУ-ын нийслэл Бээжин хот хүртэл явган аялахаар болсноо цахим сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. Тэрээр Италийн аялагч, судлаач төдийгүй худалдаачин байсан Марко Пологийн явсан мөрийг дагана гэжээ.
Каммаротагийн аялал ирэх жилийн дөрөвдүгээр сард эхэлж 2023 оны 12 дугаар сард Бээжинд ирснээр дуусах ажээ. Хэрэв зорилгодоо хүрч чадвал тэрээр Италиас Бээжин хүртэл явган аялсан анхны эмэгтэй болох юм.
Каммаротагийн аяллын төлөвлөгөөгөөр замдаа Словени, Серби, Болгар, Турк, Гүрж, Азербайжан, Иран, Туркменистан, Узбекстан, Киргизстан, Казакстан, Монголын нутгаар явган аялж, эцэст нь Хятадад очно. Түүх болон археологийг шимтэн сонирхдог тэрээр аяллынхаа явцад дэлхий дахинд Италийн археологийн үнэт өвийг таниулж, Италийн соёлын өв уламжлалыг түгээнэ гэсэн итгэлтэй байгаа юм.
Бараг хоёр жилийн турш үргэлжлэх урт аялалд түүнийг эмч нар зайнаас дагалдан явах бөгөөд бие эрүүл мэндийн байдлыг нь хянах ухаалаг хэрэгсэл зүүж алхах ажээ.
Эх сурвалж: ECNS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.