ОХУ-ын Приморскийн хязгаарын Находка хотын эрэг орчимд гацсан "Rise Shine" ачааны хөлөг онгоцны багийн 14 гишүүнийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж, эрэгт аваачсан тухай орон нутгийн Онцгой байдлын яам мэдээлжээ.
Тус мэдэгдэлд "Приморскийн бүс нутагт аврах ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. ОХУ-ын Онцгой байдлын яамны бие бүрэлдэхүүн "Rise Shine" ачааны хөлөг онгоцны багийн бүх гишүүнийг Ми-8 нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн. Хөлөг онгоцны хөдөлгүүрийн хэсэг усанд автан, их биед нь цууралт үүссэн хэдий ч түлшний савнууд нь бүрэн бүтэн байгаа" хэмээн тэмдэглэсэн байна.
Аврах ажиллагаа цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд салхины хурд 15 м/с болон ширүүсэж, далайн давлагаа гурван метр хүртэл өндөрт хүрчээ. Зүүн тэнгист аялж явсан "Rise Shine" ачааны хөлөг онгоц нь өнгөрөгч мягмар гарагаас хойш эргийн усанд гацаад байгаа аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.