Нобелийн энх тайвны шагналыг хамгийн залуудаа буюу 17 настайдаа хүртсэн Пакистаны охидын эрхийн төлөө тэмцэгч Малала Юсафзай хуримаа хийжээ. Тэрээр Их Британийн Бирмингэм хотод исламын шашны ёслол уламжлалаар гэрлэсэн байна.
Энэ жил 24 настай Малала охин Ассер Маликтай гэр бүл болсноо баталж, үнэхээр гайхамшигтай өдөр байсныг хэлжээ. Малала Юсафзай 2012 онд Талибаны зэвсэгт бүлгийнхний халдлагад өртөж, толгойдоо буудуулсан боловч азаар амьд үлдэж, Их Британид дүрвэн ирсэн билээ.
Твиттер хуудсандаа “Ассер бид хоёр амьдралаа холболоо. Гэр бүлийнхээ хүрээнд жижигхэн никка ёслол хийлээ” хэмээн жиргэжээ. Тэрээр 2014 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэнийхээ дараа Оксфордын их сургуульд элсэн суралцаж, хүний эрхийн төлөө манлайлан тэмцэгч болсон юм.
Сургуулиа төгссөнийхөө дараа Малала Афганистаны дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэхийг уриалж, “Apple TV+”-тай гэрээ байгуулан баримтат нэвтрүүлэг хийж эхэлсэн бөгөөд Британийн Vogue сэтгүүлийн нүүрийг ч чимээд амжжээ.
Тэрээр өнгөрсөн долдугаар сард Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүмүүс яагаад гэрлэлтээ цаасаар баталгаажуулдгийг ойлгодоггүй, зүгээр л амьдралынхаа турш хамтрагч байж болохгүй гэж үү хэмээн дурдсан удаатай ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.