АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Билл Бөрнс Москвад айлчлах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцсан гэдгийг хоёр талын эх сурвалжууд баталжээ. Тэд Оросын цэрэг армийн бүрэлдэхүүн Украйны хилийн ойролцоо цугларч байгаа тухай болон Оросын зорилтыг тодорхой болгох асуудлаар санал солилцсон хэмээн мэдэгдсэн байна.
Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков харилцан яриа утсаар явагдсан гэдгийг мэдээлсэн. Америкийн Тагнуулын төв газрын дарга Бөрнс өнгөрсөн долоо хоногт Москвад айлчилж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийсэн билээ. Оросын цэрэг арми Украйны хилийн ойролцоо төвлөрч байгаа нь хилийн бүсэд халдан дайралт хийхвий гэсэн сэрдлэг төрүүлж байгаа юм.
Песковын хэлснээр Путин болон Бөрнс нарын яриа хоёр улсын харилцаа, дипломат харилцаан дахь хямрал, бүс нутгийн асуудал, цахим аюулгүй байдлын хүрээнд үргэлжилсэн гэжээ.
Америкийн сансрын технологийн Максар компанийн хиймэл дагуулаас авсан зурганд Оросын цэргүүдээс гадна техник төхөөрөмж Украйны хилийн ойролцоо өнгөрсөн долоо хоногоос эхлэн төвлөрөөд байна. Тиймээс Орос Украйн руу халдан түрэмгийлж болзошгүй хэмээн Вашингтон түгшиж байгаа нь гарцаагүй юм.
Ерөнхийлөгч Жо Байден болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж өнгөрсөн мягмар гарагт Бөрнсийг Москва руу яаралтай илгээсэн билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.