“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож анх удаа дэлгэн толилуулж байна.
Г.Занабазар нь монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн бөгөөд олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан тэрээр уран баримлын нэрт бүтээлээрээ монголын урлагийн түүхэнд мөнхөрсөн юм. Занабазарын эдгээр бүтээлүүд нь XVII зууны монгол цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болж чадсан юм.
Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүддээ нүүдэлчдийн гоо зүйн болон гоо зүйн мөн чанарыг цогцлоож, гоо сайхныг хүн төрөлхтний төсөөлөн буй гоо сайхны тэр л дүр төрхөөр буддын шашны лагшинд шингээн урласан байдаг бөгөөд ард түмний түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүд юм.
Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав: Ялангуяа залуучууд хүний гоо сайхан, нарийн нандинг харуулсан үзэсгэлэнг үзээсэй гэж хүсмээр байна. Ямар нандин зүйлийг бүтээсэн юм бэ гэдгийг харж үзэх хэрэгтэй.
Соёлын сайд Ч.Номин: Манай улс шавхагдашгүй өв соёлтой уг өв соёлоо түгээн дэлгэрүүлж, үр хүүхэддээ өвлүүлэн уламжлуулах хэрэгтэй. Хосгүй үнэт өвийг хадгалаад байх тусам олны дунд тэр болгон мэдээлэлгүй болж үлдэхгүй. Манай улсад ийм хосгүй үнэт өв байдаг юм шүү гэдгийг танин мэдүүлэх үүднээс уг үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгож байна. Энийг олонд таниулах тусмаа гаднын улс орнууд үүнийг сонирхож, соёлын аялал жуучлал хөгжих боломжтой.
Уран баримлын урлагт цутгамлын давтагдашгүй аргыг үндэслэснээрээ өнөөдөр ч гэсэн урлаг судлаачдын анхаарлыг татсаар байгаа урлаг, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүдийг хамтад нь нэг дороос үзэх ховорхон боломжийг алдалгүй оюуны мэлмийгээ баясгаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.