СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-11-09

COVID-19: Дахин өвчлөлийг Монголд оношилдоггүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Дэлхийд COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдээд хоёр жил орчим, давтан өвчилсөн анхны тохиолдол батлагдаад жил гурван сарын хугацаа өнгөрчээ. Халдвар аваад эдгэрсэн хүн ямар хугацааны дараа хэзээ дахин өвчилсөн гэсэн мэдээллийг улс орнууд он, сар, өдөр, хэд дэх удаагаа халдвар авч байгаа мэдээлэлтэй нь дэлгэрэнгүйгээр олон нийтэд мэдээлж байна. Харин .

Энэ талаар тодруулахаар УОК-ын Шуурхай штабтай холбогдоход  “Давтан өвчлөлтэй холбоотой мэдээлэл ЭМЯ-наас манайд ирээгүй” юм. Харин ЭМЯ болон ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй холбогдоход “Дахин халдвар авсан иргэдийн мэдээллийг нэгтгээгүй” гэснээс өөр тоймтой мэдээллийг бидэнд өгсөнгүй. Энэ нь манай улс халдвар аваад эдгэрсэн хүнээс дахин шинжилгээ авдаггүй буюу дахин халдвар авсан хүнийг оношилдоггүйтэй холбоотой. Өнөөг хүртэл ЭМЯ-наас COVID-19 халдварын давтан өвчлөл болон оношилгоо, эмчилгээний талаар бүрэн мэдээлэл өгсөнгүй. Харин “Халдвар аваад эдгэрсэн бол эхний гурван сар шинжилгээний хариу эерэг гарна гэсэн” гэсэн өгүүлбэрээр иргэдийн амыг таглаж ирлээ.

Гэвч бодит байдал дээр иргэд хоёроос олон удаа дахин халдвар авч, түүнийгээ өөрсдөө оношилж, гэрээр эмчилсэн дүр зурагтай байна.

“Дахин халдвар авсан 16 мянган хүн бий”

Хамгийн сүүлд аравдугаар сарын 08-нд  ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан  “Одоо оргил үедээ явж байгаа халдварын давлагааны 90-ээс дээш хувийг дельтагийн халдвар эзэлж байгаа. Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой. Дахин халдвар авсан 16 мянган хүн бий” гэснээс өөр COVID-19-ийн дахин өвчлөлтэй холбоотой мэдээллийг ЭМЯ болоод ХӨСҮТ-өөс өгсөнгүй. Эдгээрээс хэд нь хоёр дахь удаагаа, хэдэн хүн нь гурав ба түүнээс олон удаа өвчилсөн нь тодорхойгүй. Мөн дахин халдвар авч байгаа шалтгаан, нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар ч салбар яамны мэргэжилтнүүд дуугарсангүй. Үүнээс үзэхэд дахин халдвар авсан иргэдээ бүртгэх, оношлох арга хэмжээг Монгол Улс огт хэрэгжүүлээгүй нь илт байна.

Улсын хэмжээнд даваа гарагт 450 хүнээс  COVID-19 халдвар илэрсэн нь сүүлийн зургаан сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт боллоо. Мөн хугацаанд халдварын улмаас найман хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 368600 болж, 1744 хүн цар тахлаар амиа алдлаа. Сүүлийн өдрүүдэд батлагдаж байгаа тохиолдлын ихэнх нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ хугацаанд дахин халдвар авах эрсдэл болоод нөхцөл байдлын талаар тоймтой мэдээлэл өгөөгүй атлаа ЭМЯ “Халдвар аваад эдгэрсэн ч дахин халдвар авах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөж байна” гэж иргэдийг айлгасаар өнөөдөртэй золголоо.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  орлогч дарга Ж.Отгонболд аравдугаар сарын 22-нд “Хоёр тунд хамрагдаад халдвар авсан бол эдгэрснээс хойш хамгийн багадаа гурван сарын дараа вакцины III тунд сайн дураараа хамрагдахыг зөвлөе” гэж мэдээлж байв. Гэтэл үүнээс долоо хоногийн дараа НЭМГ-аас “Халдвар аваад эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдах боломжтой” гэж зарласан нь анхаарал татаж байна. Энэ мэт мэргэжлийн байгууллагуудын зөрүүтэй, оновчгүй мэдээлэл нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх үндэс болохын сацуу, иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэлийг үгүй хийж байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.9 МЯГМАР № 219 (6696)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.