АНУ-ын Умард Кэролина мужид сураггүй болсон охин ТикТок аппликейшн дээр нийтлэг гарын хөдөлгөөнийг ашиглан аврагджээ. Уг апп дээр нэг гарын эрхий хуруун дээрээ бусад хуруунуудаа дарж атгасан тэмдэг нь гэр бүлийн хүчирхийллийг илэрхийлдэг байна.
Тус мужийн Эшвиль хотын 16 настай охин сураггүй алга болсон дуудлагыг өнгөрсөн мягмар гарагт эцэг эх нь өгчээ. Үүнээс хоёр хоногийн дараа мотоциклчин тусламж хүссэн охины талаар 911-т дуудлага өгчээ. Машин дотор сууж явсан охин нэг гараа атгасан байхыг харж, улмаар тусламж хүсч байгааг нь мотоциклчин ойлгосон байна.
Нэг гараа ингэж атгах нь хүчирхийлэлд өртсөн тул тусламж хүсч байгаа дохиог илэрхийлдэг. Дуудлагын дагуу цагдаа нар тээврийн хэрэгслийг олж охиныг аварчээ. Сэжигтэй этгээд өсвөр насны охиныг Умард Кэролинагаас Охайо руу хамаатныдаа аваачжээ. Хамаатных нь хүн охиныг насанд хүрээгүй төдийгүй эрж хайж байгааг мэдсэний дараа Охайог орхисон байна.
Охин хүнд байдалд байгаа гэдгээ ойлгуулахын тулд машиных нь ард явж байсан мотоциклчид руу гараараа дохио өгөхөд азаар нэг нь ойлгосон байна. Цагдаа нар сэжигтнийг барьж, хууль бусаар бусдын эрх чөлөөг хязгаарласан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн дур хүслээ гүйцэлдүүлэхийн тулд эрхшээлдээ байлгасан зэрэг хэргүүдэд ял тулгахаар болжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.