Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадимийн амь насанд халдахыг санаархжээ. Гэмт этгээдүүд тэсрэх бөмбөг бүхий дрон ашиглан Ерөнхий сайдын гэр лүү дайрсан байна. Гэрт байсан зургаан бие хамгаалагч гэмтэж бэртсэн бөгөөд Ерөнхий сайд аюулгүй өнгөрчээ.
Мустафа аль Кадими халдлагаас эсэн мэнд мултарсан тул иргэдийг тайван, амгалан байхыг уриалсан байна. Уг халдлага нь сарын өмнө болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн явдалтай холбоотой гэж таамаглаад байгаа ажээ.
Ерөнхий сайд Багдад хот дахь аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалсан Ногоон бүсэд амьдардаг. Аюулаас хамгаалах хүчний мэдэгдсэнээр Тигрис мөрний Бүгд найрамдах гүүрний ойролцоогоос гурван дрон нисч ирсэн байна. Эдгээрийн хоёрыг нь буудаж унагаажээ.
Уг ногоон бүсэд Иракийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээс гадна гадны элчин сайдын яамдууд байрладаг. Одоогоор уг халдлагыг хэн, ямар бүлэглэл зохион байгуулсан нь тодорхойгүй байна.
Аюулгүйн хүчин хэргийг шалгаж байгаа тул удахгүй анхан шатны мөрдлөгийн дүн гарна гэж хүлээж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.