Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь сургууль, цэцэрлэг, спортын талбайн газар ашиглалтын байдал байлаа. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, цэцэрлэгийн биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшилд буцаах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд тулгуурлаж судалгаа хийжээ.Судалгаагаар биеийн тамир, спортын зориулалтын талбайгүй 54 сургууль байгаагаас 39 нь анхнаасаа зориулалтын талбайгүй баригдсан бол таван сургууль нь газартай боловч биеийн тамирын талбайгүй, 13 сургуулийн биеийн тамирын талбай дээр барилга баригдсан байна. Төрийн өмчийн 148 сургуулиас 34 сургууль биеийн тамир, спортын талбайтай боловч сургалт явуулах боломж бүрдсэн, тохижуулсан нь цөөн байжээ. Тохижуулах, засварлах шаардлагатай биеийн тамирын талбайн мэдээлэл ирүүлсэн 103 сургууль байгаагийн 93 нь төрийн өмчийнх бол үлдсэн нь төрийн бус өмчийнх аж.
Нөгөөтээгүүр зарим сургуулийн биеийн тамирын талбайг сургуулийн эзэмшлээс хасаж, иргэд болон байгууллагад шилжүүлсэн тохиолдол 1999-2000 онд гарч байжээ. Тухайн үед нийт 27 сургуулийн 67.565 ам метр талбайг бусдад шилжүүлсэн бөгөөд дээрх газруудад өдгөө орон сууц, хорооны контор, цэцэрлэг, үйлчилгээний барилга, автомашины гарааш баригджээ. Зарим сургуулийн спортын талбайгаас хасаж, бусдад эзэмшүүлснээс болж, шүүхийн шатанд маргаантай байгаа тохиолдол ч бий.
Ажлын хэсэг энэхүү судалгаанд үндэслэн дараах арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх саналыг гаргав. Үүнд:
-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийг цуцалсан аж ахуйн нэгжүүдийн газрыг сургуулийн эзэмшилд буцаан олгох.
-Сургуулиуд газрын холбогдолтой мэдээллээ мэдээллийн санд оруулж бүртгэлжүүлэх.
-Засвар, тохижилт хийх шаардлагатай спортын талбайн зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулан төсөвт тусгуулах.
-Сургууль, цэцэрлэг, спортын талбайн зориулалтаар олгосон газрын зориулалтыг нийгмийн дэд бүтэц, инженерийн байгууламжаас бусад зориулалтаар талбайн хэмжээнд багасгасан өөрчлөлт оруулахгүй байх зэрэг саналыг гаргасан байна. Энэхүү асуудлаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гаргав.
Барилга барилгүй нүх ухаж, хог овоолсон, хоёр жил дараалан ашиглаагүй газруудыг цэгцэлнэ
Барилга байгууламж барихаар нүх ухсан ч удаан хугацаанд ашиглаагүй орхисон, их хэмжээний шороо овоолсон, хашаа нь эвдэрч нурсан зэргээр нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн газруудад шалгалт хийжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ийм асуудал үүсээд байгаа аж. Мөн 32 нэгж талбарт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, сүүлийн хоёр жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байгаа аж. Газар ухсан ч ажлаа эхлээгүй компани, аж ахуйн нэгжүүдийн олонх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд зөрчил бүхий газруудын газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Зөрчил арилган чөлөөлсөн газруудыг тохижуулах нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.Түүнчлэн газартай холбоотой бас нэгэн асуудлыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нь төрийн өмчит байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын бүртгэл. 2021 оны аравдугаар сарын байдлаар Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд төрийн байгууллагын эзэмшиж, ашиглаж буй 2283 газар бүртгэлтэй байна. Тэдгээрээс 490 газрын мэдээллийг газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн “Лэнд менежер” программд бүртгүүлж, газрын гэрээ, гэрчилгээгээ шинэчилжээ.
Үлдэж буй олонх газрыг эзэмшиж буй байгууллагууд одоог хүртэл газраа шинэчилсэн программд бүртгүүлээгүй байна. Тиймээс энэхүү бүртгэлийг эрчимжүүлэх талаар Зөвлөлийн хурлын тэмдэглэл гаргалаа. Тэмдэглэлд төрийн байгууллагын эзэмшил, ашиглалтын газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх, газрын төлбөрийг ногдуулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энн хотын төвд бга байгууллгын хашааг буулга харин эзэмшл газртай хүн амраад суух сүүдвэрч ногоон байгуулмж би болгх бүгд л нэг муухай хашаатай явгн хүн явх ямрч болмжг хаасн