Их эзэн Чингис Хаан төв Азид, одоогийн Монгол улсын газар нутагт тархай бутархай суурьшсан олон арван нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар, "Их Монгол Улс"-ын үүсэл хөгжлийн үндэс суурь тавигдсан түүхтэй.
Чингис хаан өөрийн улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн "Монголын эзэнт гүрэн"-ийг байгуулсан билээ. Тус гүрэн 200 гаруй жил оршин тогтнож, хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн хорин нэгэн зуунаас хоёрыг нь монголчуудын зуун болгож чадсан.
12-р зууны сүүлийн хагаст буюу 1189 онд Хамаг Монгол аймгийн хаанаар өргөмжлөгдсөн Чингис хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж, улмаар 1206 онд "Их Монгол Улс"-ыг байгуулсан түүхтэй. "Их Монгол Улс" нь Ази, Европ тивийг тэгнэн оршсон, Монголын түүхэнд, хамгийн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрэн юм. Судлаачид Их Монгол Улсын газар нутгийг 26,000,000 эсвэл 33,000,000 км2 хэмээн зөрүүтэй байдлаар тооцоолсон.
1206 онд Чингис Хааны байгуулсан "Их Монгол Улс" нь наран ургах зүгээс наран жаргах зүг, Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнө зүгээс Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассаль орнууд, умард зүгт Хойд мөсөн далай, Енисей мөрний сав газрын овог, аймгуудыг хамруулсан асар уудам газар нутгийг эрхшээн оршиж байлаа.
АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж, 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргажээ. Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Уг тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд “Чингис хаан ба эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн зарлигаар жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгнийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тогтоож, тус өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар хуульчилсан. "Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр" байх өндөр магадлалтайг тухайн үеийн ШУА-ийн эрдэмтэн судлаачдын гаргасан судалгаан дээр үндэслэж тогтоосон байдаг.
Түүнээс хойш Монголчууд бид 10 дахь удаагаа “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм. Энэ жилийн хувьд тус өдөр 11 дүгээр дугаар сарын 05-ны өдөр тохиож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.