Өмнөд Солонгосын цэргийн албанаас зайлсхийхийн тулд бүтэн биеийн шивээс хийлгэсэн эрэгтэйг Цэргийн алба хаах тухай хууль зөрчсөн гэж үзэн, нэг жилийн хорих ял оноожээ. Тус улсад хэт их шивээстэй эрэгтэйчүүдийг энгийн цэргийн албанаас чөлөөлдөг аж.
Хэргийг тодруулбал, 20 гаруй насны тус эрэгтэй нь 2019 оны 3 дугаар сард цэрэг татлагын үзлэгт орсон бөгөөд шивээснийхээ улмаас 3-р зэрэглэлийн үнэлгээ авсан байна. БНСУ-д хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 18-21 сарын турш цэргийн алба хаадаг бөгөөд 1, 2, 3-р зэрэглэлийн үнэлгээ авсан иргэд цэргийн алба хаах ёстой бол 4-р зэрэглэлийн үнэлгээтэй хүмүүс бие бялдрын хувьд ачаалал багатай, төрийн албаны албан тушаалд томилогддог юм.
3-р зэрэглэлийн үнэлгээ авсан тус эрэгтэй нь хоёр гарынхаа тохойноос бугуй хүртэл, баруун хөл болон гэдсэн дээрээ нэмэлт шивээс хийлгэжээ. Ингээд 2020 оны 7 дугаар сард албаныхан түүнийг дахин үзлэгт оруулж, 4-р зэрэглэлтэй гэж дүгнэн, өөр албанд томилсон байна. Гэвч ийнхүү хорих ял сонссон тэрээр цэргийн албанаас зайлсхийх ямар ч бодолгүй байсан гэж мэдэгдсэн хэдий ч шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон аж.
Энэхүү эрэгтэй өмнө нь 2015 онд биеийн үзлэгт орохдоо сэтгэцийн эмгэгтэй гэсэн үндэслэлээр 4-р зэрэглэл авч байсан боловч худлаа ярьсан болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр 2018 оны 6 дугаар сард нэг жилийн хорих ялаар шийтгүүлэн, 2019 оны 2 дугаар сард тэнсэнгээр суллагдаад байжээ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.