Газрын тосны үнийн өсөлтийн улмаас Энэтхэг улсад шатахууны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн учир тус улсын эрх баригчид бензин, дизель түлшний албан татвараа бууруулжээ. Тодруулбал, бензиний онцгой албан татварыг литр тутамд 5 рупи, харин дизелийн онцгой албан татварыг 10 рупигээр бууруулсан байна.
Энэ алхам нь шатахууны үнийн өсөлтийг бууруулж, цаашид эдийн засгийн ерөнхий мөчлөгийг эрчимжүүлэх зорилготой гэж албаныхан мэдээлжээ. "Бензин, дизель түлшний онцгой албан татварыг бууруулснаар хэрэглээ нэмэгдэж, инфляцыг нам дор байлгах ба энэ нь бага болон дундаж орлоготой давхаргад туслах болно" гэж Энэтхэгийн Засгийн газрын мэдэгдэлд дурдсан юм.
Уг шийдвэрийг тус улсын Хинду шашны Дивали буюу Гэрлийн баярын өмнөхөн зарлажээ. Тус баярын үеэр орон нутгийн хэрэглээний зардал ихээр нэмэгддэг аж.
Энэ жил дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом өссөн нь газрын тосны хэрэглээнийхээ 85 орчим хувийг импортолдог Энэтхэг улсад хүнд цохилт болсон билээ. Сүүлийн жил гаруйн хугацаанд хэд хэдэн томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тус улсын тариаланчдын тавьсан гол шаардлагуудын нэг нь дизель түлшний үнийг бууруулах байсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.