АНУ-ын холбооны агентлагийн алба хаагчид Нью-Йорк руу кокайн тээвэрлэх гэж байсан хар тамхины бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоож, нэг тонн гаруй кокайн хураан авчээ. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус муж улсад илрүүлсэн хамгийн их хэмжээний кокайн аж.
Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлчээр нэг тонн гаруй кокайн хураан авч, гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна. Уг гурван этгээдийг дор хаяж 5 кг кокайн эзэмшиж, тараахаар төлөвлөж байсан хэргээр яллах дүгнэлт үйлдэж байгаа бөгөөд тэд доод тал нь 10 жилийн хорих ял сонсох юм.
Гэмт хэрэгтнүүд хар тамхийг Пуэрто Рикогоос авчирч, Нью-Йоркийн Бронкс руу тээвэрлэх гэж байсныг мөрдөн байцаагчид тогтоожээ.
Албаны эх сурвалжийн хэлснээр, Нью-Йорк дахь хар тамхины хэрэглээний нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа бөгөөд сүүлийн нэг жилд кокайн хураан авах ажиллагаа 150 гаруй хувиар өссөн байна. Тэрээр энэ удаагийн хэргийн талаар "Олон сая ам.долларын үнэтэй кокайн мужийн зүүн хойд хэсгийг сүйрэлд хүргэхээс өмнө амжиж хураан авсан" хэмээн тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.