Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.
Татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэж байгаа юм. Дарааллын дагуу хөлөг онгоцыг эрэгт байрлуулах ажлыг зохион байгуулж байна.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь усны гүнд зохион байгуулагдаж байгаа анхны тохиолдол бөгөөд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгааг гаргах, татан гаргах ажиллагааны эхлэл юм.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн.
Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрийн зураг төслөөр хийгджээ.
Тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан усан онгоц юм.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Зэвсэгт хүчний анги, салбаруудын алба хаагчид усны мандалд хөлөг онгоцыг усны гүнээс хөндлөн эрэг рүү татах ган татлага /тросс/-ыг холбох ажиллагаанд хөвөгч гүүрийг бэлтгэн тусгай зориулалтын нэгжид холбож татах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Онцгой байдлын байгууллагын усчин аврагчид 12-16м-ийн гүнд живсэн хөлөг онгоцыг ган татлагаар холбох, бэхлэх, салгах, хөшүүрэг хийх, гүн хэмжих, хөлгийг дотор, гадна талаас нь битүүмжлэх, хязгаар хөвүүр тэмдэгтийг байрлуулах 100 удаагийн шумбалтын даалгаврыг гүйцэтгэлээ.
Алба хаагчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин тусгай зориулалтын техник хэрэгслийг горимын дагуу ашиглаж байна.
Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг өнөөдрийн Засгийн газрын хуралданаар Батлан хамгаалахын сайдад даалгав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
mundag yumaa vneheer baatruud baharhaj bna ta bvhneer