АНУ-ын "Амазон" компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос байгалийн амьдрах орчныг сэргээж, дэлхийн хүнсний системийг сайжруулах төсөлд хоёр тэрбум ам.доллар хандивлаж байгаагаа зарлажээ.
Тэрээр өнгөрөгч мягмар гарагт Шотландад болсон "COP26" буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн хямралд хувийн хэвшлийнхэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн онцолсон бөгөөд түүний бизнес энэ хөдөлгөөнийг удирдана гэж амласан юм.
Жефф Безос уур амьсгал, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг дэмжих 10 тэрбум ам.долларын "Безосын Дэлхийн сан"-г бий болгосон бөгөөд энэ удаагийн хоёр тэрбум ам.долларын хандив нь уг сангаас гарах аж.
Хандивын зарим хэсгийг дэлхий даяарх ойн хомсдол, доройтлыг зогсоох ажлыг дэмжихэд зарцуулах юм. 2030 онд гэхэд ойн хомсдолын асуудлыг шийдэх энэхүү төсөлд 100 гаруй улс гарын үсэг зураад байгаа билээ.
Дэлхийн цаг уурын хямралыг шийдвэрлэх нь зөвхөн Засгийн газруудын хариуцлага биш гэж Безос тэмдэглэжээ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.