Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Б.Лхагвасүрэн, бүртгэгч Г.Санжаа, программист Ш.Доржбат нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 23.4-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
“Очир ням проперти деволопмент” гэх компанийн мэдээлэл хуурамч гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхийг түдгэлзүүлчихээд байтал дээрх гурван хүн эл компанийн захирал Г.Сансарболдын гаргасан хүсэлтийг үндэслэн 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд оруулсан аж. Уг нь дээрх компанийнхан бүртгүүлэхдээ ашигласан өргөдөл, түүнд хавсаргасан гаалийн мэдүүлгүүд хуурамч гэдгийг УБЕГ болон төрийн бусад байгууллагаас явуулсан шалгалтаар тогтоосон юм байна. Тухайн үеийн шалгалтаар гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 130 гаруй аж ахуйн нэгжийн бичиг баримт хуурамч гэж дүгнэсэн байдаг.
Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14-т заасан “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно” гэсэн заалтыг дээрх гурван албан тушаалтан зөрчсөн аж. Улмаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Б.Лхагвасүрэн, бүртгэгч Г.Санжаа, УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн программист Ш.Доржбат нарыг хариуцлагад татахаар болж хэргийг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.