АНУ-ын эрх баригчид 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаар шийдвэрлэлээ. Энэ насны хүүхдүүдийг Пфайзер/БиоНТек-ийн вакцинаар дархлаажуулна гэжээ.
Тус улсын эм бэлдмэлийн мэргэжилтнүүд бага насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах асуудлыг нухацтай авч хэлэлцсэний дараа Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Воленски эцсийн шийдвэрийг гаргасан байна. Америкт 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдийг вакцинжуулах зөвшөөрлийг хэдийнээ олгосноор энэ насны 28 сая хүүхэд дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой болоод байсан юм.
Хүнс эм бэлдмэлийн газраас коронавирусийн эсрэг вакцин насанд хүрээгүй иргэдэд 91 хувийн үр дүнтэй гэсэн судалгааг гаргажээ. АНУ даяар 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлэхийн зэрэгцээ насанд хүрсэн иргэдийг вакцины нэмэлт гуравдугаар тунд хамруулж эхлээд байна.
Ерөнхийлөгч Жо Байден хүүхдүүдийг дархлаажуулснаар эцэг эхчүүд хүүхдүүддээ санаа зовох нь арилж, хүүхдүүдийн дунд халдвар тархах эрсдэл буурна гэж үзэж байна. Ковид гарснаас хойш энэ жил тус улсын 2,300 сургууль хаалгаа барьж, 1,2 сая хүүхэд, 78,000 багш нарт сөргөөр нөлөөлсөн. Бага насны хүүхдүүдийг вакцинжуулснаар цар тахлыг давж, эргэн хэвийн амьдралдаа ороход тустай гэдгийг эцэг эхчүүд ойлгохыг эмч мэргэжилтнүүд уриалж байна.
Нөгөө талаар өнгөрсөн сард явуулсан судалгаагаар эцэг эхчүүдийн 1/3 л хүүхдүүддээ вакцин тариулах нь зөв алхам гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн 1/3 нь үргэлжлүүлэн цар тахлын нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхийг харж, хүлээх хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.