АНУ энэ сарын 8-н буюу ирэх даваа гарагаас хилээ нээж, коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан олон улсын жуулчдыг хүлээж авна гэж мэдэгджээ. Ийнхүү, сүүлийн 21 сарын турш хүчинтэй байсан аяллын хязгаарлалтыг цуцалж байгаа юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кевин Муноз энэ талаар өөрийн Твиттер хуудаснаа мэдээлсэн бөгөөд шинэ бодлого нь "чанга хатуу нийгмийн эрүүл мэндийн журмыг баримтална" гэж онцолсон байна.
Тус улс нь 11 дүгээр сарын 8-наас эхлэн Шенгений 26 улс болон Их Британи, Ирланд, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк, Иран, Бразил зэрэг орны зорчигчдыг хүлээж авах аж. Мөн шинэ дүрмийн дагуу, тус улсад нэвтэрч буй гадаадын иргэд эсвэл америкчууд тусгаарлалтад орох шаардлагагүй болжээ.
Харин АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс тус улсын зохицуулагч эсвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон вакциныг тариулсан олон улсын аялагчдыг хүлээж авна гэж мэдэгдсэн юм. Гэхдээ 18-аас доош насны хүүхдүүд уг шаардлагаас чөлөөлөгдөх төлөвтэй байгааг албаны хүн тэмдэглэжээ.
АНУ-ын хил нээгдэх болсон талаар мэдээлэл цацагдсаны дараа тус улсын агаарын тээвэр, зочид буудал, аяллын салбарын томоохон компаниудын хувьцаа өссөн байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.