Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Элон Маск "Тесла" компанийн зургаан тэрбум ам.долларын хувьцаагаа зарж, орлогыг нь НҮБ-ын хүнсний агентлагт хандивлах боломжтой гэж мэдэгджээ. Гэхдээ тэрээр тус агентлаг энэ мөнгөөр дэлхийн өлсгөлөнг хэрхэн шийдвэрлэхээ харуулах ёстой гэсэн шаардлага тавьсан байна.
Үүнээс өмнө, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Дэвид Бисли Элон Маск, Жефф Безос болон бусад тэрбумтныг дэлхий даяарх өлсгөлөнг зогсоохын тулд "нэг удаагийн" хандив өргөхийг уриалсан билээ. Тэрээр "Тэрбумтнууд зургаан тэрбум ам.доллар хандивлавал бид өлсгөлөнгийн улмаас үхлийн ирмэг дээр байгаа 42 сая хүнд туслах боломжтой. Энэ бол төвөгтэй зүйл биш" гэж хэлжээ.
Энэ мөнгө нь Маскийн нийт 300 тэрбум ам.долларын хөрөнгийн хоёр хувь гэдгийг хэвлэлүүд онцлоод байсан юм. Тэгвэл Элон Маск өнгөрөгч ням гарагт өөрийн Твиттер хуудаснаа "Хэрвээ Дэлхийн хүнсний хөтөлбөр зургаан тэрбум ам.доллароор дэлхийн өлсгөлөнг хэрхэн шийдвэрлэх талаараа энд тайлбарлаж чадвал би яг одоо "Тесла"-гийн хувьцаагаа зарж, хандивлахад бэлэн байна. Гэхдээ энэ нь нээлттэй эх сурвалжтай нягтлан бодох бүртгэл байх ёстой бөгөөд мөнгийг хэрхэн зарцуулж байгааг олон нийт харах боломжтой байх хэрэгтэй" хэмээн нийтэлсэн байна.
But it must be open source accounting, so the public sees precisely how the money is spent.
— Elon Musk (@elonmusk) October 31, 2021
Үүний хариуд Дэвид Бисли зургаан тэрбум ам.доллар нь дэлхийн өлсгөлөнг шийдэхгүй, харин геополитикийн тогтворгүй байдал, олноор нүүдэллэх явдлаас сэргийлж, өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа 42 сая хүнийг аварна гэж хариулжээ. Тэрээр мөн Элон Масктай биечлэн уулзаж, энэ сэдвээр ярилцахыг санал болгосон байна.
Харин Маск түүнд хандан "Мөнгийг хэрхэн ашиглахыг олон нийтэд харуулахын тулд санал болгож буй зарцуулалтын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй нийтэлнэ үү" хэмээн бичжээ.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр нь 2020 онд нийт 8.4 тэрбум ам.долларын хандив хүлээж авсан хэдий ч энэ нь шаардлагатай хэмжээнээс 5.3 тэрбум ам.доллароор дутуу байсан аж. Тус хөтөлбөрийн хамгийн том хандивлагчид нь АНУ, Герман болон Их Британи гэнэ.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.