Бразилын цагдаа нар банк дээрэмддэг томоохон гэмт хэргийн бүлэглэлтэй мөргөлдөн, улмаар 25 сэжигтнийг хөнөөсөн гэж Минас-Жерайс мужийн эрх баригчид өнгөрөгч ням гарагт мэдэгджээ.
Мужийн цагдаа болон холбооны хурдны замын цагдаа нарын хамтарсан ажиллагааны үр дүнд тус бүс нутагт хэд хэдэн халдлага үйлдсэн банк дээрэмчдийн бүлэглэлийг устгасан байна. Варгинья хотын ойролцоо болсон эхний мөргөлдөөний үеэр 18 сэжигтэн амиа алдсан бол хоёр дахь буудалцааны үеэр долоон хүн амиа алдсан гэж албаныхан мэдээлсэн юм.
Орон нутгийн тагнуулын ажилтнууд уг бүлэглэлийг хэсэг хугацаанд ажиглаж байсан бөгөөд ажиллагааны үеэр олон тооны том калибрын зэвсэг, тэсрэх бодис болон сум нэвтэрдэггүй хантаазыг хураан авсан байна.
Бразилын банкны дээрэмчид энэ жил тус улс орон даяар хэд хэдэн халдлага үйлдсэн бөгөөд бэлэн мөнгөний агуулахын үүрэг гүйцэтгэж байсан орон нутгийн жижиг хотуудын банкнуудыг онилох болсон юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.